Н. Батсуурийн аархал ба Ювеналын ёжтой үг юу агуулна вэ ?

Арав гаруй жилийн өмнө дөө, монголоос анх удаа сүмод ёкозүна буюу аварга цол хүртсэн Асашёрюү Д.Дагвадоржийн харцыг эмээнүүд хүртэл телевизийн нэвтрүүлгээр хардаг байлаа. “Хүү минь нөгөө эвгүй харцаа үзүүлээдэх” гээд л.. Тэгэнгүүт, “За за, одоо чи давна аа” гээд л.
Асашёрюү нэгэн шийдвэрлэх барилдаанд хамгийн айхтар өрсөлдөгч, озеки цолтой Кисеносатог өргөөд давс асгасан сумогийн дэвжээнд хаяхад манайхан бүгд л уухайлсан даа. “Манай аварга аатай байна даа” гээд л.
Монголд сонгодог бус чөлөөт бөх илүүтэй хөгжсөн. Тэгвэл сонгодог бөхийн хүнд жинд гурвантаа олимпийн аварга болсон Оросын алдарт бөх Александр Карелин өрсөлдөгчдөө мөн л “нисэлттэй” шидэх бүрийд бөхийн “хорхойтнууд” мөн л уухайлж байсан.
Бөх бол ер нь тулааны л спорт. Бокстой үүгээрээ адилхан. Боксын спортод домог болсон, Мухаммад Али нэр авсан Америкийн Кассиус Клейг шүтдэггүй спорт сонирхогч үгүй биз. Түүний “Эрвээхэй шиг дэгдэж зөгий шиг хатгадаг” арга барилыг бүгд л биширдэг байв. Өрсөлдөгч бүхнээ нам цохин унагахад үзэгчид уухайлдаг байв.
Гладиаторууд буюу боол дайчдын дунд тулаан зохион байгуулахад эртний Ромын үзэгчид өрсөлдөгчөө давсан хүнийг мөн л уухайлан хүлээн авдаг байв.
Энэ бүхнийг тоочсоны учир гэвэл, манай шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдрийг тохиолдуулсан 256 хүчит бөхийн барилдааны үеэр эхэлсэн шуугиан юм.
Үнэхээр шуугиан. Би бас “Нүүр ном” буюу “Facebook”-ийн улаан хэрэглэгч л дээ. Гэтэл энд юу болно вэ?
Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын залуу аварга Намсрайжавын Батсуурийг газар доор ортол нь туйлшран уухайлж, муулж гарав. Өвөрхангай аймгийн арслан Лхагвадоржийг арай л муухай аархуу хаялаа гэнэ. Уг нь залуу аварга ямар ч хориотой мэх хийгээгүйсэн. Аархаж хаясан уу гэвэл үнэхээр тийм.
Гэхдээ л манай сошиал мэдээллийн ертөнцөд Н.Батсуурийн аархсан үйлдлийг хэт дөвийлгөх боллоо. Залуу аварга Н.Батсуурь хэвлэлээр тайлбар өгөхдөө “Шинээр гарч ирж байгаа залуучуудаа дэмжиж явдаг. Манай жүдогийн дүү байгаа юм. Таазаараа цохиод дээш өргөөд тавьсан. Биеэ их сулласан учраас жаахан эвгүй уначихвуу даа гэж бодогдсон. Гэхдээ яг барилдаж, ойроос харж байгаа надад харьцангуй гайгүй санагдсан. Бөх бол спорт. Би сэтгэлдээ ямар нэгэн хар санаа өвөрлөдөггүй. Хэрэв тийм санаатай барилдаж ирсэн бол яаж аварга болох вэ дээ" хэмээн хэлсэн байна.
Эртний Ромын яруу найрагч Ювенал “Ард түмэнд хоол, үзэх юм байхад л болно” гэж ёжилсон байдаг. Энэ мэт шуугианыг дээрээс, манай улс төрчид ч сэвж суудаг юм биш байгаа даа гэсэн бодол төрсөнийг ч нуугаад яахав. Учир нь олон нийт улс төрчдийн увайгүй байдлаас өөр үзэх, ярих юмтай байх хэрэгтэй шүү дээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ