Төр хэмээх "Шарк" түмнээсээ нүүр бууруулсаар байхуу?

Аливаа улс орны төр засгийн бодлого дундаж төвшний иргэд хийгээд үйлдвэрлэлийг дэмжих, дундаж давхрагыг цөөлөхгүй байхад анхаарал хандуулдаг. 

Харин манай улсын хувьд төрийн зүгээс дундаж давхрагыг дэмжих гэхээсээ илүүтэй хянаж, цагдаж, хясаж, боогдуулсаар ирлээ. Үүний үр дүнд манай улсын ядуурлын төвшиний хамралтын хүрээ 30 хувийг хэдийнэ давж, нийт хүн амын тал хувь нь ядууралд өртлөө. Ажлын байрыг бий болгож, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс орны эдийн засгийн хөгжлийг хангах үүрэгтэй дундаж давхрагынхан ядуурлын босгыг хэдийнэ давсан байна.

Энэ нь Засгийн газар болон төр түшсэн эрхэмүүдийн ёроолгүй шуналаас үүдэлтэй гэдгийг ч хаана, хаанаа хүлээн зөвшөөрөх болов. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой зээл очих ёстой эздэдээ бус төр түшсэн эрхмүүдийн халаасаар дамжиж, 8-15 хувийн хүүтэйгээр иргэдэд хүрэх болсон. Зээлийн хүүд дарлуулж, банк бус санхүүгийн байгууллагад бүх баялагаа булаалгасан иргэд ядуурлын үүдийг татах болов. Гэтэл энэхүү банк бус санхүүгийн байгууллагуудын дийлэнхи нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой мөнгөөр хөлжиж, мөнгө угаалгын хөшүүрэг нь шуудхан дээрэм болж хувирсан.

Шарк танк хэмээх телевизийн нэгэн нэвтрүүлэг байх. Энэхүү нэвтрүүлгээр жирийн нэгэн иргэн нярайн тархины даралт бууруулдаг дэр хийхийн тулд 15 сая төгрөгийн зээл хэрэгтэй байгаагаа учирлаж, энэхүү үйлдвэрлэлээ дэмжихийг хүсч байна. Гэтэл энэ хүнд хүрэх ёстой зээл хаягаа андуурч өөр халаасанд орсон нь иргэдийн бухимдалыг хүргээд байна. Энэхүү нярайн тархины даралт бууруулах дэр үйлдвэрлэхэд шаардлагатай мөнгө ЖДҮ-гийн зээлээс олгогдсон бол агаарын бохирдолд нэрвэгдэж, тархины даралт гэх оношд өртөөд байгаа олон, олон хүүхдэд хэрэгтэйгээс гадна тус дэрний үйлдвэрлэл нь багагүй иргэдийг ажлын байраар хангах байлаа. 

Гэтэл өнөөдөр манай улсад дарга нарт л олддог ЖДҮ-гийн зээл 3 хувь, харин ард түмэнд олддог банкны зээлийн хүү 19, банк бус санхүүгийн зээлийн хүү  42, ломбардны зээлийн хүү 192, барьцаагүй зээлдэгчийн хүү 240 хувь байгаа нь ядуурлыг улам түймэрдэн дэвэргэсээр байна.

Энэ байдал цаашид хэвээр үргэлжилвэл манай улсад баян ба ядуу гэсэн хоёр давхрага бий болж, улс оронд үйлдвэрлэл нь зөвхөн баян давхрагынханы хэрэгцээг хангах зориулалтаар ажиллах болно. Улстөрчидын баяжих нь улс орныг туйлдуулах, иргэдээ ядууруулах бодлого болон хувирах нь дундаж давхрагыг нийгмээс улам бүр шахан зайлуулдаг. Улс төрчид нь эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан нийгмийн баялгыг хулгайлна. Хууль дүрмийг өөрсөддөө зориулан баталж, төсөв болон мөнгөний үр ашиггүй бодлого явуулж, эцэст нь эдийн засагт тэр нь баялгийн тэгш бус хуваарилалт, инфляц, зээлийн хүү, валютын ханш гэх мэт зүйлсээр илэрдэг.

60 тэрбумаар төрийн эрх мэдлийг авахаар завдагсад, өөрсдөдөө ашигтай төрийн механизмийг бий болгосон энэ систем задрахгүй бол Монголчуудын ядуурал улам ихсэх бөгөөд удахгүй баян, ядуу гэсэн хоёр зааг иргэдийн дунд бий болж, Туул голын урд нь баячууд ба хойно нь ядуучууд гэсэн хоёр лагерьт Монгол улс хуваагдана. Энэ хуваагдал феодалын бутралаас ч аюултай бөгөөд үүнийг монгол хүн бүр хэзээ ч хүсэхгүй. Тиймээс 60 тэрбумаар эхэлж, ЖДү-гээр өртөөлсөн төрийн жолоог хумьж, баялгийн тэгш бус хувиарлалтыг устгаж, дундаж давхрагыг нэмэгдүүлэх, хуулийн адил тэгш үйлчлэх зарчимыг хангах нь төрийн үүрэг болоод байна.

Уг нь манай улс Үндсэн хуульдаа “Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. хэмээн даян дэлхийд тунхаглан зарласан ард түмэн юмсан. Үндсэн хуулийнхаа энэхүү тунхаглалыг бид өнгөрсөн 28 жилийн хаахна, хэзээд нь гээчихэв ээ.

Мо.Очир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ