“Ивээгдсэн бүсгүй”, “Рома” кинонууд “Оскар”-ын арван номинацид нэр дэвшжээ


Дэлхийн хамгийн нэр хүндтэй киноны шагнал буюу Америкийн кино академийн “Оскар”-ын эздийг зарлах 91 дэх удаагийн ёслолын арга хэмжээ Холливудын зүрхэнд орших “Долби” театрт ирэх хоёрдугаар сарын 24-нд болох билээ. Тэгвэл Америкийн кино академийн гишүүд энэ жил “Ивээгдсэн бүсгүй” (“The Favourite”), “Рома” (“Roma”) зэрэг дэлгэцийн бүтээлийг тус бүр арван номинацид нэр дэвшүүлснээ өчигдөр зарлалаа.

Ер нь сүүлийн үед тус академи бүрэлдэхүүнээ залуужуулахын сацуу цагаан арьст гишүүдийнхээ тоог нэлээд бууруулах бодлого баримталсан гэдэг. Энэ бүхний үр дүнд “Оскар”-ын шагналд өнгөт арьстнуудын бүтээсэн, тэр ч бүү хэл Америк бус кинонууд ихээр нэр дэвших болсон.

Үүний тод жишээ бол испани хэлнээ бүтээсэн Мексикийн найруулагч Алфонсо Куароны "Рома" (Roma). “Рома”-гаас өмнө Англиас өөр хэл дээрх кино “Оскар”-ын арван номинацид урьд өмнө дэвшиж байсангүй. Гэвч олон номинацид нэр дэвшсэн кино тэр бүр хамгийн нэр хүндтэй “Шилдэг уран бүтээл”-ийн шагналыг гарддагүйг дурдах хэрэгтэй.

Жишээ нь сүүлийн жилүүдэд, “Таталцал” (“Gravity”), “Эргэн ирэгч” (The Revenant”), “Ла Ла Лэнд” зэрэг кино дээрхи шагналыг авч чадаагүй билээ.

            “Шилдэг кино” номинацид түүнчлэн “Хар ирвэс” (“Black Panther”) дэвшсэнийг тэмдэглэе. Учир нь тус номинацид урьд өмнө комик зохиолын супер баатрын тухай кино нэр дэвшээгүй ажээ.


Ингээд, гол номинациудад нэр дэвшигчдийг сонирхуулъя.

“Шилдэг кино”- “Ивээгдсэн бүсгүй”, “Рома”, “Хар ирвэс”, “Бохемийн рапсоди” (“Bohemian Rhapsody”), “Ногоон ном” (“Green Book”), “Хар арьст KkKlan-ы хүн” ( “BlacKkKlansman”), ”Од төрлөө” (“A Star Is Born”), “Орлогч” (“Vice”).

“Шилдэг эрэгтэй жүжигчин”- Кристиан Бейл ("Орлогч"), Брэдли Купер (“Од төрлөө”), Виллем Дефо (“Өнө мөнхийн босгон дээр”-“At Eternity's Gate”), Виго Мортинсен (“Ногоон ном”), Реми Малек (“Бохемийн рапсоди)

“Шилдэг эмэгтэй жүжигчин”- Ялица Апарисио ("Рома"), Гленн Клоуз (“Эхнэр”- “The Wife”), Оливиа Колман ("Ивээгдсэн бүсгүй"), Леди Гага ("Од төрлөө"), Мелисса Маккарти (“Та намайг уучилж чадах уу?”- “Can You Ever Forgive Me?").

“Шилдэг найруулагч”- Спай Ли (“Хар арьст KkKlan-ы хүн”), Павел Павликовски (“Хүйтэн дайн”- “Zimna wojna“), Йоргос Лантимос (“Ивээгдсэн бүсгүй”), Алфонсо Куарон (“Рома”), Адам Маккей (“Орлогч”)  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ