М.Энхболдыг хамгаалах зорилготой "Уяачдын Их Хурал"-аар юу байна?

УИХ-ын дарга М.Энхболд саяхан ундуйцлаа илэрхийлэхдээ "Би Сүхбаатар аймагт очсон ч хэдэн уяачидтайгаа хөөрөг зөрүүлсэн шигээ хэд гурван санал цуглуулчихаж чадна хэмээн ам алдсан байдаг. Ард түмнээ цагаан цаас мэт үздэг манай улс төрчид хэдэн уяачдаа сонгуулийн менежер болгож ашигласаар, нөгөөдүүл нь ч морь мал ярьсан шигээ сонгогчдын тархи толгойг эргүүлсээр хичнээн ч сонгуулийн нүүр үзэв бүү мэд. Дөнгөж өчигдөр Сүхбаатар аймагт 10 настай хүүхэд мориноос унаж эндсэн асуудлыг нууж чадсан Монголын морин спорт уяачдын холбоо өнөөдөр гэнэтхэн их хурлаа зохион байгуулж байна. Хэвлэлийнхэнийг оруулахгүй хаалттай болж байгаа энэ их хурлаар Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга М.Энхболдыг авч үлдэхэд хэрхэн тус дэм болох талаар ч ярилцах юм байна. Өвөл морь уралдуулж, Эрлийз, Монгол адуу хоёроо ялгах гэж мэдэн будилж байдаг улс төрч уяачдын уршгаар хэдэн хүүхэд бэртэл гэмтэл авч, хэдэн адуу нааш цааш гүйлгэсэнийг манай эрхэм спикер л сайн мэдэх байх. Монгол төрийн баяр наадамд уламжлал ёсоор зургаан насны морь л уралдах ёстой. Есөн насны морь уралддаг эрлийз адууны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төр бодлогоор дэмжиж байгаа нь монгол улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл хэмээн үзэх хүмүүс ч байдаг. Тэд эрлийз морь төрийн баяр наадамд уралдуулдгийг хуулиар нэг мөр хаах ёстой. Тэгж байж монгол мориныхоо соёл, ёс заншил, тусгаар тогтнолоо авч үлдэнэ хэмээн үздэг. Төрийн түшээдийн дэмжлэгтэйгээр үржүүлсэн эрлийз адууны бизнес эрхэлж байгаа цөөн хүмүүсийг буруутгах хэрэггүй л дээ. Тэр хүмүүст өндөр бооцоот уралдаанаа зохион байгуулаад явах, олон улсын эрлийз морьдын уралдаанд хүчээ үзэх эрх нь нээлттэй л байдаг. Энэ мэт олон асуудлыг ярих ёстой уяачид улстөржсөн хандлагаар эвлэлдэн нэгдэж ирсэн нь нууц биш.
Монголд хаалтгүй юм гэж алга. Улс төрчид нь хаалттай хуралдаж, ард иргэд нь утаандаа хордоод амны хаалттайгаа ядаж байхад, уяачид хүртэл их хурлаа хаалттай хийнэ.
Д.Оч
СЭТГЭГДЭЛ БИЧИХ