Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн:"Дарга нар зодоод байна. Намайг эндээс хурдан авах талаар хөөцөлдөөд өгөөч" гэж гуйж байсан байна

Хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан талийгаачийн өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн нар мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Э.Билгүүн "Энэ сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар цэргийн ангид байлдагч Б.Алтантулга харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас дүгнэлт гаргаж нийгэмд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа учраас өмгөөлөгчдийнх нь зүгээс мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас ажиллагаа явуулах ёстой байтал талийгаач нас бараад ганцхан хонож байхад энэ нь золгүй явдал болсон мэтээр мэдээлж нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байна. Энэ цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж тахир дутуу болгож байсан тохиолдол нэг бус удаа гарч байсан. Талийгаач Б.Алтантулгыг гүйж яваад бахардаж нас барсан гэж ярьж байгаа. Гэтэл гүйж явж байгаад бахардаж унахаар нь цэргийн ангийн удирдлагууд дээрээс нь дэвсэж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь хэлдэг. Зодож тэнхээгүй болтол нь гүйлгэсний дараа хувцасаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад нь чирч аваачаад орон дээр тавьсан бичлэг цэргийн ангийн хяналтын камерт бичигдсэн. Нэг цаг орчмын дараа цэргийн ангийн эмч ирж үзээд нас барсан болохыг нь тогтоосон. Талийгаач Б.Алтантулга нь 19 настай, ямар нэгэн суурь өвчингүй, бие бялдрын хувьд эрүүл байсан учраас цэргийн албанд тэнцсэн. Золгүй байдлаар амиа алдах ямарч үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжээч урьдчилсан дүгнэлт гаргах тухай ойлголт байхгүй. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч хуульд байхгүй урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөөгүй нас барьсан гэж хэт нэг талыг барьсан мэдээлэл цацсан. Үүнд өмгөөлөгчдийн зүгээс харамсч байна. Энэ асуудлаар цагдаагийн ажилтныг холбогдох газарт нь шалгуулахаар хандсан. Бид өчигдөр "Эрдэнэт" хотод очиж талийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзсан. Мөн цогцсыг нь харсан. Тэр нуруунд нь үүссэн улайлт бол хүүрийн толбо биш. Гаднын нөлөөтэйгээр ийм толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн хөлний шилбэний хэсгүүд их хэмжээний хөхрөлт, няцралттай, баруун мөрний дээд хэсэг, баруун гартаа гаднын нөлөөний шарх сорвитой байсан. Ийм байхад талийгаач нас бараад ганцхан хоносны дараа гаднын нөлөөтэй нас барсан гэж мэдэгдэл хийсэн нь харамсалтай" гэлээ. 

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн "Бид гадны нөлөөтэй өнгөрсөн гэж үзэж байгаа. Талийгаачийг бахардаад унахад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал баашилж байна гээд нэмж зодсон. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон. Эрүүгийн хуульд заасны дагуу хүнийг санаатайгаар алсан гэдэг зүйл ангид энэ үйлдэл нь хамаарна. Зодсон цэргийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга нарт хандсан. Мөн эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой цэргийн ангийн эмч, энэ үйлдлийг таслан зогсоогоогүй цэргийн ангийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэхээр хандсан байгаа. Энэ бол онц хүнд гэмт хэрэг. Тиймээс ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, харъяаллыг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан. Гэрчүүд болон тухайн үед хамт гүйц байсан цэргүүд нь цэргийн ангийн албан хаагчдын дарамт шахалтад орж худал мэдүүлэг өгөх магадлалтай. Тиймээс гэрчүүдийг яаралтай хамгаалалтад авч, өмгөөлөгчийг оролцуулан мэдүүлэг авах хүсэлтийг гаргасан. Мөн талийгаачийн цогцост бүрэлдэхүүнтэй үзлэг, задлан шинжилгээ хийлгэх хүсэлтийг Ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга нарт гаргасан" гэв.

Өмгөөлөгч нар ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Өмнө нь дарамтлуулж байгаа тухайгаа гэр бүлийнхэндээ мэдэгдэж байсан юм болов уу?

-Зодуулж, дарамтлуулж байгаа тухайгаа гэр бүлийнхэндээ хэлж байсан юм билээ. Ээж нь тангарагийн баяраар нь эргэж очиход "Дарга нар зодоод байна. Намайг эндээс хурдан авах талаар хөөцөлдөөд өгөөч" гэж гуйсан байсан. Мөн дараа нь ахтайгаа утсаар ярихдаа бас хэлсэн. Нийгэмд цэрэгт очоод зодуулдаг гэсэн ойлголт бий. Бүр энэ нь байх ёстой асуудал мэт ойлгогддог болсон.

-Шүүхийн шинжилгээний дүгнэлт хэзээ гарах вэ?

-Ирэх даваа гаригт дүгнэлт гаргах хугацаа нь дуусна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ