Х.Ахмет-Али: Цагаан сарын өдрүүдэд салхи шуургатай, хүйтэн байна

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хоёрдугаар сарын эхээр тохиож байгаа билээ. Энэ үеэр цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг уурч Х.Ахмет-Алигаас тодрууллаа.

-Энэ сард цаг агаар ерөнхийдөө дулаан байна. Ирэх сард энэ хэвээр дулаан байх уу. Эсвэл хүйтрэх төлөвтэй байна уу?

-Нэгдүгээр сарын 29-нд хүйтэнд байна. Харин 30, 31-ээс хүйтний эрч суларна. Эргээд хоёрдугаар сарын 2, 3-аас хүйтэрнэ. Хоёрдугаар сар нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дулаан байдаг. Тунадасны хувьд олон жилийн дундажтай харьцуулахад хур тунадас говийн зарим нутгаар бага байх төлөв ажиглагдаж байгаа. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дундаж орчим байна.

Хоёрдугаар сарын эхний арав хоногийн эхээр буюу сарын 10-наас өмнө нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр буюу хоёрдугаар сарын 10-наас хойш нутгийн хойд хэсгээр болон сарын дундуур баруун аймгуудын хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Хоёрдугаар арав хоногийн эхний хагаст, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр цас орж, цасан шуурга шуурна. Агаарын температур хувьд нэгдүгээр арав хоногийн эхний хагас болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст уулархаг нутаг болон Идэр, Тэс, Увс нуурын хотгор, Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градусын хүйтэн. Уулархаг нутгууд болон томоохон голууд түүний хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээрээ шөнөдөө 16-21, өдөрт 5-10 градусийн хүйтэн байна. Бусад нутгаар 22-27 градусын хүйтэн. Өдөртөө 10-15 градусийн хүйтэн байх төлөвтэй байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш буюу хоёрдугаар сарын 20-оос хүйтний эрч эрс суларна. Ихэнх нутгаар уур амьсгалын дунджаараа хүйтний эрч сулардаг.

-Хоёрдугаар сарын 20-оос хүйтний эрч эрс суларна гэлээ. Тэгэхээр шар усны үер болох уу?

-Гуравдугаар сарын эхний хагастаа л шар усны үер болдог. Гэхдээ хоёрдугаар сарын сүүлээр говийн нутгаар шар ус гарах нь бий. Гэхдээ энэ жил говийн нутгуудад цасны хэмжээ бага байгаа учраас усны үер болох нь харьцангуй гайгүй.

-Сар шинийн өдрүүдэд монгол түмэн ахмад буурлууддаа золгохоос эхлээд хөл хөдөлгөөн ихэсдэг. Энэ үеэр цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Ер нь сар шинийн өдрүүдээр нэг их дулаарахгүй. Хоёрдугаар сарын эхээр хүйтэн байх төлөвтэй байгаа учраас Цагаан сарын үеэр салхи шуургатай, хүйтэн байна.

-Иргэд хөдөлмөрчдөд хандаж юу гэж хэлэх вэ?

-Сарын эхээр салхи шуургатай байна. Тиймээс иргэд хөдөө орон нутаг руу зорчихдоо салхи, шуурганд боогдохоос болгоомжлоорой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ