Хавдартай тэмцэх үйл ажиллагаа явуулдаг монголын төрийн бус байгууллага дэлхийд үнэлэгдлээ

Дэлхийн 160 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын Хавдрын Хяналтын Нийгэмлэгээс  (Union International for Cancer Control) Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан хавдартай тэмцэх ажил үйлсээрээ манлайлж буй 17 улсын иргэний нийгмийн байгууллагыг шалгаруулснаас Монгол Улсаас Хавдрын Үндэсний Зөвлөл Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага оржээ. Шилдэг 17 байгууллагуудад Монгол, Филиппин, Энэтхэг, Эл Салвадор, Коста Рика, Македони, Ирак, Перу, Намиби зэрэг улсуудаас шалгарчээ. Шалгарсан иргэний нийгмийн байгууллагууд  хавдрын эмчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ухуулга нөлөөллийн ажил хийж дэлхийн хэмжээнд бусад орнуудад үлгэр жишээ болох юм байна.

Хавдрын үндэсний зөвлөл ТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд хавдрын эрсдэлт хүчин зүйлийг судлах чиглэлээр Австрали, Их Британи, Өмнөд Африк зэрэг орнуудтай хамтарсан олон улсын судалгааны ажлуудыг хийж, 18 улсад зохион байгуулагдсан олон улсын хурал уулзалтуудад оролцож илтгэл тавьсан байна. Түүнчлэн 3 жил дараалан хавдартай тэмцэх олон улсын өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Хавдрын үндэсний зөвлөл нь хавдартай өвчтөн, ар гэрийнхэнд зориулсан бясалгалын хичээл, тээврийн хөтөлбөр зэрэг дэмжлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна хамгийн сүүлд орон нутгаас хотод ирж буй өвчтөнүүдийг байрлуулах “Дарь эхийн өргөө”-г байгуулж одоогийн байдлаар 20 гаруй хүнийг байрлуулсан байна.

Байгуулагдаад 4 жилийн хугацаанд нийгэмд чиглэсэн олон тооны ажлуудыг төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр хийж, ажил үйлсээрээ дэлхийд үнэлэгдсэн энэ байгууллагын хамт олонд баяр хүргэж амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ