Архинаас холдох гэж зүдэрч байгаа Монголд минь юун их хар тамхи вэ?

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчиллаа. Тодруулбал, 19-32 насны 3 этгээдийг баривчилсан байна. Тэдний нэг нь эмэгтэй байжээ. Тэднээс ойролцоогоор хар тамхины зах зээлд хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна гэж хэвлэлүүд мэдээллээ. Манай цагдаагийнхан сайн ажиллажээ. Гэвч архинаас холдох гэж зүдэрч байгаа Монголд минь юун их хар тамхи вэ гэх зовнил өөрийн эрхгүй зовоож байна. Аливаа нийгмийн шилжилтийн үе хүнээр дамжиж явагддаг болохоор мэдээж нийгэм цаг үеийн амаргүй хандлага байсануу байсан. Ялангуяа 1990 оноос хойш нийгмийн шилжилтийн идэвхтэй, эмх замбараагүй хоёр арванд Монголчуудын цөөнгүй хувь нь архины хамааралтай болж амжсан байдаг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, боловсролтой, боловсролгүй ялгаагүй архинд хорхойсч, цаашилвал донтох хэлбэрт шилжсэн нь үнэн. Ихэнх нь ч амь насаа алдсан. Энэ талаар дайны үеийн мэт сэтгэл сэрдхийлгэж, цочирдом тоо баримтууд ч байгаа. Азтай ч гэх юмуу арай ухамсартай нь лам хар, ховс код, спираль, бясалгал, уулзалт цуглаан, эмнэлэг, эмчилгээ гээд ямар нэгэн өөрт тохирох аргаа олж архи дарснаасаа холдож л байгаа байх. Энэ талаар сүүлийн үед сайн мэдээ ч олонтоо сонсогдох болсон. Тунгааж ойлговол хэрэгтэй үгс ч олон л бий. Аманд орохдоо алтан шумуул мэт, амнаас гарахдаа арслан бар мэт болгох эл умдааны амаргүй явдлыг Данзанравжаа там там гэнэ там хаа байна, тамтаггүй явбаас там тэр мөн хэмээн хэлсэн бол, Архи хэмээгч угаас ёсыг алдуулж, ёрыг өрнүүлэгч хэмээн Сүх жанжин өгүүлжээ. Саяхан тэнгэрийн орныг зорьсон найрагч абугай Б.Лхагвасүрэн гуай Тархины эсрэг ундаа гээд таашаадаггүй байсныг ч мэдэх юм. С.Зориг агсан Монгол хүний саруул ухаанд итгэж найддаг байсан гэдэг. Саруул Монголыг минь самууруулагч архинаас холдох гэж монголчуудын зарим нь зүдэрч байхад юун их хар тамхитай холбоотой мэдээ сэлт вэ? Сэтгэцийн эмгэг судлалын тасагт хорьтой хүүхдүүд хар тамхи хэмээх цагаан тахлаас болж, хүлээстэй хэвтэж байгаа тухай мэдээ ч чих дэлсэж байна. Таны бидний хүүхдүүд хаана юу хийж явна вэ? Цусандаа булингар татуулж, саруул ухаанаа алдан, самуурч яваагүй л байгаасаа..
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ