Далдгар ээж

Бага ангийн сурагчдын ачааллыг багасгана гэсэн зорилтыг дэвшүүлж буй БСШУЯ-ны "Цөм" хөтөлбөрийг дэмжиж байна. Үшлээк бид хоёрт тохиолдсон нэгэн жишээг өгүүлрүүн.
Өнгөрсөн жил Үшлээк бичиг үсэгт тайлагдах аянд мордов. Манайхаар бол цагаан толгойгоо үзэж байгаа нь тэр. Зааж эхэллээ. "Зааж байна. Заагаад л байгаа. Заалцаарай" энээ тэрээ гэсэн ямар нэг бичиг захидал багшаас ирсэнгүй. Нэг хартал бичээд эхэлчихэж. Манай залхуу охин сарайлгаад нэлээд муухай бичиж байгаа харагдана. Тэгэхээр нь бичиж байгаа өгүүлбэрийг нь ирийтэл 2 хуудас хуулуулчихав. Маргааш орой багшаас нь надтай уулзах цаг товлосон зурвас ирлээ шүү. Хүүхэд бүрт сургуулиуд харилцах дэвтэр нээж өгдөг юм л даа. Тэр дэвтрээр багштай төвөггүй байнгын холбоотой байна.
Ингээд товлосон өдөр нь давхиад очилоо. Багш хэлж байна.
-Мадам та хэтэрхий их бичүүлсэн байна. Ингэж болохгүй.
-Манай охин муухай бичигтэй байна. Бичгийг нь цэвэрхэн болгохыг хүссэн юм.
-Тийм биш ээ. Хүслэн хэвийн бичиж байгаа. Хүүхэд бүр л эхэндээ ийм байдаг. Тэр зүгээр. Маш хэвийн суралцаж байгаа. Би өдөр бүр дэвтэрт нь гэртээ хийх, бичих ажлыг нь тэмдэглэж өгч байгаа. Тэрнийг л хийхэд болно.
Би ойлгосноо хэлээд харилаа. Орой нь хийх ёстой даалгаварыг нь харвал ердөө хоёрхон мөр бичих дасгал байх юм. Нэг л чамлалттай санагдсан тул Үшлээкийн эсэргүүцлийг үл харгалзан зүтгэсээр 5 мөр бичүүлээд авлаа. Ингээд 7 хоног хэртэй явсны дараа багш дахин дууджээ. Яваад очилгүй яав гэж. Багш дахиад хэлж байна.
-Мадам та эртээрийн яриаг сайн ойлгоогүй бололтой. Миний өгсөн даалгавраас илүүг хийж ирээд байна.
-Аан тийм ээ. Би ойлгосон. Гэхдээ хүүхэд гэртээ ямар нэгэн байдлаар илүү сайн ажиллавал чадвар нь сайжирна гэж би боддог юм.
-Таны санааг би ойлгож байна. Гэхдээ хүүхдүүд сургууль дээрээ хангалттай ихийг хийдэг. Өдрийн 8 цаг сургууль дээрээ сурдаг тул тэд гэртээ хариад амарч тоглох хэрэгтэй. Ингэж завсаргүй хичээлээр залхааж болохгүй. Түүний сурах сонирхол буурчихна. Та үнэхээр түүнийг илүү сайн болоосой гэж хүсэж байгаа бол ном уншихыг л сайн дэмжиж өг. Бид өдөр бүр үзсэн хичээлд нь тохирсон ном өгч байгаа.
-Заа ойлголоо. Би ном уншиж өгдөг юм аа.
-Үгүй ээ, одоо та ном уншиж өгөх хэрэггүй. Тэр өөртөө тохирсон номнуудаа цүнхлээд явж байгаа. Тэр өөрөө унших ёстой.
-Ойлголоо. Гэхдээ хүүхдүүд бүх үсгээ үзэж дууссан юм уу? Бүх үсгээ үзэж дуусаагүй байхад ном уншиж чадна гэж үү?
-Яг одоогийнх нь төвшинд тохирсон номыг л бид олгодог. Тэр уншиж чадна аа. Миний бодлоор та ер нь түүний хичээлд оролцоод хэрэггүй байх.
Ингээд би ер нь илүү хөдөлгөөн хийж далдаганаад байх хэрэггүйгээ ойлгоод харив. Тэр өдрөөс хойш Үшлээкийнхээ хэрхэн суралцаж буйг ажиглаад л явж байдаг болсон. Хаа нэг багштай нь тааралдахаараа хэрхэн суралцаж буйг нь асуухад багш "Сайн байгаа. Та санаа зоволтгүй шүү" гэж сандран хариулдаг болсон юм. Хожим учрыг нь ойлгох нь ээ би багшийн ур чадварыг илт басамжилж, ажилд нь бүдүүлгээр оролцож, системтэй зааж буй хөтөлбөрийг нь хүүхдээ залхааж бусниулах шахсан юм билээ л дээ. Тиймээс багш түрэмгий тэр ээжээс сурагчаа яаран хамгаалах гэж хичээж байсан хэрэг аж.
Харин одоо Үшлээк уншиж бичихийг бол гаргаахгүй болсон. Хэл сурах гэж буруу зөрүү дуудаж суугаа аавынхаа хажуугаар яваад өнгөрөхдөө дуудлагыг нь засаж хэлчихээд бас ч үгүй "Наадах чинь majuscule шүү дээ. Аав чи буруу хувиргаад байна" гэж зэмлэсэн шигээ л пээдгэр алхдаг болсон шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ