МИАТ-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэх мэдээлэл иржээ

МИАТ компанийн  агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ. Уг асуудлаар МИАТ компаниас Сөүл, Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн талаар албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Тодруулбал, Инчеон-Улаанбаатар ОМ302 чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын аюулгүй байдлын албанд  өнөөдөр /2019.02.15/  ирсэн байна.

Тиймээс энэхүү мэдээллийн мөрөөр Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байгаа аж. Мөн аюулгүй байдлын албаныхан Улаанбаатар чиглэлийн  зорчигчдын ачаа тээшинд дахин шалгалт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр тэднийг онгоцноос буулгажээ.

Үүний улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж, нөхцөл байдлын талаар тухай бүрд нь мэдээлэх болно гэдгийг МИАТ компанийн зүгээс Фейсбүүк хуудсаараа мэдээлсэн нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ