Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч буй тээврийн хэрэгслийг бүртгэж байна

Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг Архангайн салдаг уулзвар дээр байрлах замын цагдаагийн байнгын постод хяналтын камер бий болгожээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос баруун чиглэлд орж, гарч буй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх, мэдээлэх систем бүхий камерын хяналттай болж байгаа аж.

Камержуулах ажил өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн ба уг байнгын постын дэд бүтцэд тулгуурлан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэлжүүлэх, хянах боломжтой LPR системийн 4 ширхэг, 360 градусаар харах боломжтой 1, байнгын постын дотор хяналтын 3 нийт 8 камерын системийг хийж гүйцэтгэсэн байна. Уг камерын систем нь эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх. Мөн Тайвань болон АНУ-ын хамтарсан “Diviotec” компанийн өндөр нягтрал бүхий 5МР дүрсний нягтралтай, өдөр шөнийн цагаар автомашины дугаарыг таних зориулалт бүхий камерын системтэй юм байна. Цаашид Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч байгаа тээврийн хэрэгслийг хянах мөн адил камерын хяналтын системийг суурьлуулахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ