ЭТТ Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргахдаа 250-283 тэрбум төгрөгийг үйлчилгээний төлбөрт төлнө

"Эрдэнэс-Тавантолгой” ХК дараах мэдэгдлийг цахим хуудсандаа нийтэлснийг хүргэж байна.

Манай үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллийг сүүлийн үед цахим орчинд санаатай түгээж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Улсын Их хурал, Засгийн газраас батлагдсан тогтоолын хүрээнд "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар эрчимтэй, шаргуу ажиллаж байна. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор олгогдсон эрхийн дагуу компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжих бөгөөд үлдсэн 70 хувь нь Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшсэн хэвээр байх юм. Өмнөх онуудад "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дийлэнх хувийг гадны хөрөнгө оруулагчдад шууд өгөх гэж байсан шиг үйлдэл одоо хийгдэх гэж байгаа мэтээр олон нийтийг илт төөрөгдүүлэх ташаа мэдээллийг цахим сүлжээнд цацаж байгаад харамсаж байна. Компани IPO гаргах бэлтгэл ажлын төлөвлөгөө, батлагдсан хуваарийн дагуу хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, ирүүлсэн саналыг судалж байгаа бөгөөд компанийн хувь хэмжээг бусдад өгөх талаар ямар нэгэн нууц хэлэлцээ хийгдээгүй, гэрээ, гэрээний төсөл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


Компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжих бөгөөд үлдсэн 70 хувь нь Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшсэн хэвээр байна. 


Харин "Эрдэнэс-тавантолгой” ХК үр ашгаа нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгой-Хангимандал чиглэлийн авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Кокс, хими технологийн үйлдвэр, Усан хангамж, Таван толгой цахилгаан станц болон шинээр баригдах хот, суурин, сургууль, цэцэрлэг зэрэг олон бүтээн байгуулалтын төслүүдийг энэ оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийг өөрийн үйл ажиллагааны ашиг, олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаж татан төвлөрүүлэх хөрөнгө, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтрах төслүүдийн санхүүжилт хэлбэрээр тус тус шийдвэрлэхээр ажиллаж байна.


Түүнчлэн, компанийн 2019 оны хөрөнгө оруулалтын төсөвт туссан IPO гаргахтай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу зарцуулдаг зардлыг буруугаар тайлбарласан ташаа мэдээллийг сошиал сүлжээнд түгээсэн байна. Хөрөнгийн биржид IPO гаргаж буй ямар ч компани андеррайтерын үйлчилгээний төлбөр төлдөг. "Эрдэнэс-Тавантолгой” ХК Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргаж, 1.5-3 тэрбум америк долларын санхүүжилт босгохоор төлөвлөсөн. Андеррайтерийн төлбөрийг дээд тал нь 3.17 хувь байхаар тооцож, төсөвтөө суулгасан. Төлөвлөсөн дээд хэмжээ буюу 3.0 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадвал андеррайтерийн үйлчилгээний төлбөр 95 сая ам доллар буюу 250,610,000 мянган төгрөг, бусад оролцогчид буюу брокерийн төлбөр, хууль, техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, Хонгконгийн санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн шимтгэл зэрэгт зарцуулах төлбөр нэмэгдээд нийт 283,359,500 мянган төгрөг байхаар тооцсон болно.


Жишээ нь; "Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани Mongolian Mining Corporation 2010 онд 637.8 сая ам.доллар босгож, үнийн дүнгийн 3.0 хувь буюу 19.13 сая ам.долларыг андеррайтерийн үйлчилгээнд, брокерт 1%, бусад хууль, техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ зэрэгт 0,5%-1,5% гэхчлэн нийт үнийн дүнгийн 5,5 хувьтай тэнцэх төлбөр төлсөн байна.


Энэ онд шинээр уурхайн оффис, 350 ажилчны хотхон, лаборатори барина. 


Энэ төлбөр "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төсөв, ашиг, орлогоос төлөгдөхгүй, харин андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн компани хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжиж босгосон санхүүжилтээсээ суутгаж авдаг олон улсад тогтсон стандарт жишигтэй. Компанийн төсөвт суулгаж өгдөг нь IPO гаргах хэмжээний санхүүгийн чадамж, баталгаатай төсөл болохыг илтгэхээс гадна, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, хувиариас хамаарч, тухайн төлбөрийг тодорхой хугацаанд үе шаттай төлдөг жишигтэй юм.


Мөн 2019 онд худалдан авахаар тусгасан төсвийн зарим зардлыг үндэслэлгүйгээр шүүмжилж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Компани энэ онд шинээр уурхайн оффис, 350 ажилчны хотхон, лаборатори барихаар төлөвлөсөн. Уул уурхай, геологийн чиглэлээр ашиглах өндөр хүчин чадал бүхий комьпютерийн төв, сервер, диспетчерийн төвийн иж бүрэн техник, тавилга, тоног төхөөрөмж худалдан авна. Эдгээр худалдан авалт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хийгдэх тул төсөвт тооцсоноос багасах, хэмнэх боломжтой юм.


"Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын хөрөнгийн биржид амжилттай гарснаар эдийн засаг, санхүүгийн хувьд илүү бэхжин, үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж, иргэдтэйгээ хамт дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих төдийгүй компанийн үнэ цэнэ өсч, төрд, хувьцаа эзэмшигч Монгол хүн бүрт өгөх өгөөж нэмэгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ