Хотын даргыг сонгох нууц санал хураалт явагдаж байна

Тооллогын комиссоос нууц санал хураалтын журмыг урьдчилж тогтсон бөгөөд нууц санал хураалтын явцад НИТХ-ын 45 төлөөлөгчийг бусдаас хараат бус, бие даан саналаа өгөхийг анхааруулж байв. Түүнчлэн саналаа зөвхөн нэг нэр дэвшигчид өгөх бөгөөд санал хураалт тэнцсэн тохиолдолд санал хураалтыг дахин явуулахаар тооллогын комиссоос шийдвэрлэлээ.
Хуралдааны үеэр тооллогын комиссын журамд нэмэлтээр өөрчлөлт оруулахыг НИТХ-ын төлөөлөгчид хүсч байлаа. Тухайлбал, төлөөлөгч Ц.Баатархүү хоёр нэр дэвшигч ажиглалт хийх боломжийг олгох санал тавьсан бол төлөөлөгч Ц.Сандаг-Очир санал хураалтыг нууцлалыг алдагдуулахгүй байдлаар видео камераар баримтжуулан шууд дамжуулахыг хүслээ. Мөн төлөөлөгч Б.Мөнхбат нууц санал хураалтыг хэн нэгэнд мэдээлэхийг оролдсон тохиолдолд хүчингүйд тооцдог байхыг санууллаа.
Үүний хариуд тооллогын комисс дахин зөвлөлдсөний эцэст тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл “Ажлын албаны архивын камер санал авах танхимд байршина. Сонгуулийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд өөр камер оруулах боломжгүй. Мөн нэр дэвшигчдийг санал авах танхимд оруулах боломжгүй. Харин санал өгсөн байдлаа хэн нэгэнд мэдээлэх зорилгоор утас ашиглахаас сэргийлж гар утсыг хураана. Саналын хуудсыг дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд хүчингүйд тооцно” гэсэн юм.
НИТХ-ын хуралдаан нууц санал хураалтаар үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ