Оюутолгойд хүчиндүүлсэн эмэгтэйг Оюутолгой ХХК нэмж битгий хүчирхийлээч..

Оюутолгой ХХК, түүний гэрээт туслан гүйцэтгэгч компани болох Саппорт Сервисес Монголия ХХК-д ажиллаж байсан эмэгтэйг 2018 оны 09 сарын 04-нд гэмт этгээд зэрлэг балмадаар зодож, цохиж, хүчиндсэн хэрэг гарсан. Оюутолгой ХХК-ийн зүгээр нэг эзэмшлийн газрын хаа нэгтээ булан тохой бус, ажлаа тараад хуруугаа уншуулдаг хэсэгт гэмт этгээдийн халдлагад өртөж эхэлсэн гээд бодохоор мөнөөх сүржин даржин хамгаалалтын алба, нөгөө олон хяналтын камер нь хаана хэнийг хамгаалж, юуг баримтжуулдаг юм бэ гэж өөрийн эрхгүй бодмоор. Өдгөө томоохон компаниуд хэргийн хариуцлагаас зугтаан өрх толгойлсон эмэгтэйд хэрхэн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болохын гашууныг мэдрүүлэх гэсэн шиг хохирогч эмэгтэйн асуудлыг шийдэж өгөлгүй явсаар таван сарыг ардаа орхижээ. Энэ хугацаанд цөхөрч гутарсан хохирогч эмэгтэй амиа хорлохыг удаа дараа завдсан боловч төрсөн дүү нь түшиж тулж, аргаа барж уйлж гуйж байж амьдралд арай ядан алхуулжээ.
Хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч энэ хугацаанд хохирогч эмэгтэй айлын хажуу өрөө түрээслэн, дөрвөн хананы дунд айдас, түгшүүрээр дүүрэн хүнд өдөр хоногийг ганцаар өнгөрөөсөөр байна. Энэ хэргийн хариуцагч тал болох учиртай Оюутолгой ХХК болон туслан гүйцэтгэгч Саппорт Сервисес Монголия ХХК-иуд эцэс сүүлдээ хэргийг бие биерүүгээ чиглүүлэх, түүгээр ч зогсохгүй хамгаалалтынхаа компанид хамааруулах байдлаар хаях болсонд шүүхээс хяналтын хэлэлцүүлэг хийхээс өөр аргагүй байдалд хүрээд байна.
Ингээд хохирогч эмэгтэйтэй холбогдож тодруулга авсанаа хүргэж байна.
Хамгийн анх Оюутолгойд ажилд орохдоо аль компани дээр хөдөлмөрийн гэрээгээ хийсэн бэ?
Анх ажилд орохдоо Оюутолгойн туслан гүйцэтгэгч Саппорт Сервисес Монголия ХХК-д хөдөлмөрийн гэрээгээ хийсэн.
Шүүхэд гомдлоо аль компани дээр гаргаж байгаа вэ?
Оюутолгой дээр гаргасан. Гурван ч удаа албан бичиг хүргүүлсэн боловч нэг ч хариу өгөөгүй. Одоогоор Оюутолгой, түүний туслан гүйцэтгэгч Саппорт Сервисес Монголия ХХК-иудыг иргэний хариуцагчаар татсан боловч тус компаниуд нэг нэгрүүгээ бултуулаад аль нь ч хүлээж авахгүй байгаа. Удахгүй урьдчилсан шатны хэлэлцүүлэг хийхээр болсон гэж өмгөөлөгч маань надад хэлсэн.
Та хэдэн жил ажилласан бэ? Урьд нь иймэрхүү хэрэг Оюутолгойд гарч байсан уу?
Хоёр жил тогоочоор ажилласан. Өмнө нь хэрэг төвөг гарч л байсан юм байналээ. Тэр үед ажилчидад ч мэдэгдэхээргүй байдлаар нуун дарагдуулаад өнгөрч байсан гэдэг нь улам бүр ойлгогдсон. Энэ том компанийн дотор юу болдгийг хожим л их сайн мэддэг болсон доо гэж хөөрхий хохирогч бүсгүй хоолой зангируулан ярьж байлаа.
Газрын баялагийг сорчлохдоо гайхамшигтай гэдгээ харуулж чадсан Монголд байтугай дэлхийд алдартай том компани, түүний туслан гүйцэтгэх компаниуд жирийн нэг эмэгтэйн аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадаагүйн улмаас гэмт хэргийн золиос болгосон. Уучлалт гуйж, нөхөн хохирол өгөхгүй байгаагаас харвал цаашид ч энэ байдал үргэлжлэх нь ойлгомжтой байна.
Тэднээс өгсөн цорын ганц хайр халамж бол түр хугацаанд өөрсдийн байранд байрлуулж, хоол хүнс, ойр зуурын хэрэглээний мөнгийг гаргаж байсан явдал юм. Мөн Оюутолгойгоос гаргаж өгсөн сэтгэл зүйч нэртэй буруутган хүлээн зөвшөөрүүлэх зорилготноос эхлээд зохион байгуулалттай хүмүүс элдэв сэтгэгдлээр дайрч доромжлох , энд тэндээс утсаар залгаж, тандах зэрэг энүүхэнд. Хохирогч эмэгтэйг байцааж байсан төрийн цагдаа ч Оюутолгойгоос хамааралтай эсвэл мөнгө авсан байх гэсэн хардлага ч хөөрхий эмэгтэйд төрөөд байгаа юм.
Хэрвээ Оюутолгой ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж чаддаг байсан бол үр хүүхэд, ар гэрээ тэжээж яваа жирийн нэгэн өрх толгойлсон эмэгтэй хэрцгий балмад этгээдийн хүчирхийллийн хохирогч болох байсан уу? Үүнд туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд ч буруутай хэмээн хохирогч эмэгтэй ярьж байсан.
Оюутолгойн хөрөнгө оруулагч дэлхийд зартай компани болох Rio tinto-ийн уриа нь “Тухайн ажилтан ажллахаасаа өмнө эрүүл саруул ирсэн л бол буцахдаа яг энэ хэвээрээ өөрийн ар гэрийнхэндээ эсэн мэнд, эрүүл саруул очих ёстой” гэсэн санааг агуулдаг. Гэтэл өнөөдөр Монголын Оюутолгойн жирийн нэг ажилчин бүсгүй гадагшаа ч гарах эрхгүй, өөрөө хэрэг хийсэн мэт тусгаарлагдан, нэр төр,бие, сэтгэлзүй, эрүүл мэндээрээ хохирчихоод байхад Оюутолгой ХХК, түүний гэрээт туслан гүйцэтгэгч, Таванбогд группийн 51 хувийн эзэмшил бүхий Саппорт Сервисес Монголия ХХК, мөн гэрээтэй ажилладаг хамгаалалт хариуцсан “Бамбай ” хамгаалалтын алба гээд хэд хэдэн хариуцагч болох компанийн нэр дурьдагдаж байгаа боловч аль нь ч одоог хүртэл хариуцлага хүлээж чадахгүй бие биенээ тойруулан бултуулсаар байна. Уул нь Монголын говьд Монголын баялагийг ашиглаж байгаа Оюутолгой ХХК-д мэргэжлээрээ ажиллаж байсан жирийн нэг монгол бүсгүй Оюутолгой ХХК-ийн эзэмшлийн хашаанд гэмт этгээдэд зэрлэг балмадаар хүчиндүүлчихсэн маш тодорхой хэрэг юм шүү дээ. Тэр тусмаа бүсгүй ажлын байран дээрээ гэмт хэргийн хохирогч болсон нь хамгийн эмгэнэлтэй агаад, түгшүүр төрмөөр.
Хөөрхий бүсгүйд том компанийн алгуур дарамт учруулж, хүний эрх ямар үед хязгаарлагддаг гашуун зовлонг эдлүүлж, гонсойж, зовж шаналж яваа түүнийг сэтгэлзүйн хувьд нь дахин дахин хүчирхийлэх хэрэг байна уу?
Ийнхүү “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” явахад өмгөөллийн хөлсөө ч гүйцээж авалгүй өр зөөлөн сэтгэлээр хандсан Р. Булгамаа өмгөөлөгчдөө л тэр талархаж, найдаж сууна.
М.Нямчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ