Эрдэмтэд "Ахисан түвшний хими" номыг орчуулжээ

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг  “Олонлог” академи сургуулийн захиалгаар “Pearson Education” хэвлэлийн компаниас гаргасан Катрин Браун ба Майк Форд нарын зохиогчтой, 940 хуудас бүхий “Chemistry, advanced level” ахисан түвшний химийн номыг орчуулжээ. Уг орчуулгыг “Олонлог” академи сургууль Хими-1, Хими-2, Хими-3 гэсэн 3 боть ном болгон хэвлүүлсэн бөгөөд өнөөдөр шинэ номны нээлтээ хийж ШУА болон химийн гүнгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудад номынхоо дээжээс бэлэг барилаа.

Энэхүү ном нь 10 жилийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд болон сонирхогчдод зориулсан, олон улсын бакалаврын түвшинд бичигдсэн бөгөөд номыг зохиогчдын албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашгийн бус, сургалтад хэрэглэх зорилгоор орчуулсан гэдгийг нээлтийн үеэр “Олонлог” академи  сургуулийн захирал Б.Баясгалан онцлов.   

Тус номыг орчуулах эрдэмтдийн багийг академич Х.Тэмүүжин ахалж ажилласан бөгөөд тэрээр “Ном орчуулах санал хүлээж аваад  бид эхэндээ амаргүй ажил заасан хугацаанд гүйцэтгэж дийлэх болов уу гэж эргэлзэж байсан. Гэвч Монголын хүүхдүүдийн төлөө, шинжлэх ухааныг танин мэдүүлэхийн төлөө ШУА-ийн судлаач бидний хийх ёстой ажил гэж бодоод зориглоод орсон. Олон эрдэмтэн, судлаач баг болж оролцсон ч амаргүй байсан. Жишээ нь,  химийн нэр томъёог монгол хэл дээр хүн бүр өөр өөрөөр бичдэг. Энэ байдлыг цэгцэлж  жигд  нэг нэр томъёогоор, ингэж орчуулъя гэж тохироод үгэн дээрээ эхэлж ажилласан. Амжилттай энэ ажлын ард гарсан баг болж ажилласан судлаач нартаа баярлалаа. Энэхүү ажлын санаачилж, хэвлүүлж олон нийтэд хүргэж буй “Олонлог” академийнхандаа талархаж байна. Энэ бол Монголын хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалтгэж бодож байна” хэмээн номны нээлтийн үеэр ярилаа.    

Номын бүлэг бүр тухайн сэдэв эсвэл сонгон суралцах чиглэлд нийцүүлсэн гол хэсэг болон нэмэлт ахисан түвшний материалыг агуулж байгаагаараа онцлогтой ажээ. Номын төгсгөл хэсэгт байгаа ‘Мэдлэгийн онол’ гэсэн бүлэг нь химийн шинжлэх ухааныг судлахад анхаарах чухал асуудлуудыг ойлгоход тусална. Түүнчлэн энэхүү номонд ашиглагдсан үгийн тайлбар хэсэг, дотоод үнэлгээ, өргөтгөсөн тайлбарын зөвлөгөө болон олон улсын бакалаврын химийн судалгааг амжилттай гүйцэтгэх стратегийн талаар зарим богино хэсгүүдийг оруулсан байна. Эцэст нь хариулт хэсэг байх ба үүнд дасгал ажлын, өөрийгөө сорих мөн бататгах дасгалын хариултууд бүгд багтсан нь суралцагсдын өөрийн сурснаа бататгахад ихээхэн ач холбогдолтой юм байна.

Энэхүү номыг химийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн сургуулийн сурагчид, анагаах ухаан, эм зүй, биологи, хөдөө аж ахуй, физик, газар зүй зэрэг байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан, магистр, докторант, энэ салбарт ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтнууд ашиглахад бүрэн тохиромжтой юм. 

Эрдэмтэд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ