“Эко-Алтан Заамар”-т гарсан ослын шалтгааныг тогтоожээ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
"Эко Алтан Заамар" компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас дөрвөн хүн дарагдаж, сураггүй болоод байсны хоёрынхон цогцсыг олж, цогцсыг гаргаад байна.
Мөн тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоосон байна. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор та ийм хэмжээнд ярьж болно гэвэл ярина” гэжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нурангид дарагдсан хоёр хүний цогцсыг гаргасан бол үлдсэн хоёр ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нуралт үүссэн хөрсний гүнд их хэмжээний буюу 2.5-3 метр гүнзгий ус тогтсон. Аврагчид уурхайн гүнээс гарч буй ундаргыг соруулахаар ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн нөхцөл байдалтай танилцахад нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус гарч байгаа юм. Энэ нь уурхайн талбайгаас ойролцоогоор 100 метрийн цаана байрлаж байсан усан сангийн ус хөрсөнд нэвчиж, хананы доод хэсгээр сулралт бий болсон байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байна” гэлээ.
Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр 13.40 цагаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн шинэ мэдээлэл ирээгүй, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй аврах ажиллагаа үргэлжилж буйг Онцгой байдлын ерөнхий газрынхан хэлэв. Тус газрын хэвлэлийн ажилтнаас “Эко Алтан Заамар” компанийн уурхайн талбайгаас 100 метрийн цаана хиймэл нуур байсан тухай дээрх мэдээллийн талаар тодруулахад “Эко Алтан Заамар”-т гарсан ослын шалтгааныг бид мэдэхгүй, зөвхөн аврах ажиллагаа л явуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ослын шалтгааныг тогтоосон талаар өчигдөр мэдээлсэн. Ерөнхийдөө “Эко Алтан Заамар” компанийн уурхайн талбайн цаана нь хиймэл нуур байсан. Тус компанийнхан зөв, эсвэл буруу газарт хиймэл нуур хийсэн эсэхийг мэргэжлийн хяналтын байгууллага л тогтооно” гэлээ.
Нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргасан бол үлдсэн хоёрыг нь эрэн хайж буй юм. Олдсон хоёр цогцосны нэгийг аврагчид бульдозероос холгүйхэн зайнаас олж гарган авчээ. Холбогдох албаны хүмүүсийн таамаглаж буйгаар, техниктэйгээ дарагдсан жолооч машинаасаа гарч амжсан байж болзошгүй байгаа аж. Ослын голомтод ажиллаж буй ОБЕГ, МХЕГ, ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн өнөөдөр 13.00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ