Хохирогч: Оюутолгой ХХК хүний зовлонгоор тоглож байна

 Оюутолгой ХХК, түүний гэрээт туслан гүйцэтгэгч компани болох Саппорт Сервисес Монголия ХХК-д ажиллаж байсан эмэгтэйг  2018 оны 09 сарын 04-нд гэмт этгээд зэрлэг балмадаар зодож, цохиж, хүчиндсэн хэрэг гарсан. Өнгөрсөн хугацаанд цөхөрч гутарсан  хохирогч эмэгтэй амиа хорлохыг удаа дараа завдсан боловч төрсөн дүү нь түшиж тулж, аргаа барж уйлж гуйж байж амьдралд арай ядан алхуулжээ.


Ингээд хохирогч эмэгтэйн ярилцлагыг хүргэж байна.


-Гэмт этгээдийг та өмнө нь таньдаг байсан уу? Тэнд ажилладаг байсан юм уу?


-Хохирогч: Ерөөсөө харж байгаагүй. Зүс ч танихгүй. Хэрэг гардаг өдөр л анх харсан. Оюутолгойн туслан гүйцэтгэгч бас нэг компанид гагнуурчин хийж байсныг нь хэргийн материал дээрээс харсан. Өмнө нь шоронд сууж байгаад гарч ирээд Оюутолгойд ажилд ороод 3 сар болсоныхоо дараа дахиад гэмт хэрэг үйлдэж байгаа юм билээ. Би сүүлд мэдсэн.


-Та хэдэн жил ажилласан бэ? Урьд нь иймэрхүү хэрэг Оюутолгойд гарч байсан уу?


 -Хоёр жил  ажилласан. Өмнө нь хэрэг төвөг гарч л байсан юм байналээ. Тэр үед  ажилчидад  ч мэдэгдэхээргүй байдлаар нуун дарагдуулаад өнгөрч байсан гэдэг нь улам бүр ойлгогдсон. Энэ том компанийн дотор юу болдгийг хожим л их сайн мэддэг болсон доо 


-Шүүхэд гомдлоо аль компани дээр гаргаж байгаа вэ?


-Оюутолгой дээр гаргасан. Гурван ч удаа албан бичиг хүргүүлсэн боловч нэг ч хариу өгөөгүй. Одоогоор Оюутолгой, түүний туслан гүйцэтгэгч Саппорт Сервисес Монголия ХХК-иудыг иргэний хариуцагчаар татсан боловч тус компаниуд нэг нэгрүүгээ бултуулаад аль нь ч хүлээж авахгүй байгаа. Удахгүй урьдчилсан шатны хэлэлцүүлэг хийхээр болсон гэж өмгөөлөгч маань надад хэлсэн.


-Хамгийн анх Оюутолгойд ажилд орохдоо аль компани дээр хөдөлмөрийн гэрээгээ хийсэн бэ?


-Анх ажилд орохдоо Оюутолгойн туслан гүйцэтгэгч Саппорт Сервисес Монголия ХХК-д хөдөлмөрийн гэрээгээ хийсэн.   


-Оюутолгойн хамгаалалтыг ямар компани хариуцдаг вэ?


 -Бамбай хамгаалалтын алба хариуцдаг. Хэрэг гарсан өдөр хамгаалалтын албанаас нэг ч хүн байгаагүй ээ. Тухайн үед шөнийн эргүүлийн цаг нь дууссан байсан гэж надад хэлсэн.


-Бамбай бүх цэгт байнга харуул хамгаалалтын байдалтай байдаггүй юм уу?


-Оюутолгойгоос гаргасан тодорхой цэгүүдэд цагийн хязгаартай гардаг. Сургалтын байрны тэр хавиар харуулд гардаггүй гэсэн. Ер нь бол Бамбай Оюутолгойгоос л гаргасан хэв журмыг сахиулж, хэрэгжүүлдэг юм билээ.


-Таны хөдөлмөрийн гэрээ дууссан уу? Одоо ажиллаж байгаа юу?


-Хөдөлмөрийн гэрээ дуусаагүй байгаа. Одоо ажиллахгүй байгаа ч цалингаа авч байгаа.


-Та үргэлжлүүлэн ажиллах бодол байгаа юу?


-Хэзээ ч үгүй ээ. Дахиж тэнд ажиллахаас үнэхээр их айж байна.


-Хэрэг гарсан өдрөөс хойш хэр хугацаа өнгөрсөн бэ?


-Хэрэг гарсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байна.


-Тодорхой хугацааг хэцүүхэн даван туулахад амаргүй байсан нь мэдээж. Одоогоор таны сэтгэлзүйн байдал ямар байна вэ?


-Одоо болтол маш хүнд байна. Би гэрээсээ ч гарч чадахгүй, хамаатан садан,  найз нөхөдтэйгөө хүртэл холбоогүй байгаа. Айлын хажуу өрөө түрээслэн ганцаараа амьдарч байгаа. 2018 оны 9 сарын 28-нд гэмт хэрэг үйлдэгч баригдсан. Тэр  өдөр 16 цагт тухайн мэдээлэл цахимаар гарсан. Цахимаар гарсанаас хойш танилууд болон ойрын хүмүүс бүгд мэдсэн. Олон нийтийн хандлага надад маш их нөлөөлж дарамт болдог. Би өөрөө хэрэг хийчихсэн юм шиг гадуур гарах нь битгий хэл хүний царай ч харж чадахгүй ийм байдалтай байна. Нийгмээс тусгаарлагдсан гэж хэлэхэд болно.


-Одоо тэр хүний дүр төрхийг мартаж чадсану уу?  


-Ерөөсөө санаанаас гардаггүй. Байнгын айдас, түгшүүртэй тайван байж чаддаггүй. Шөнө хүртэл тэр хүнийг хар дарж зүүдэлдэг. Хэзээ ч би тэр хүний дүр төрхийг мартахгүй байх. Одоо хүртэл эвгүйхэн эрэгтэй хүн харахаар цаанаасаа айдас төрдөг.


-Хэрэг гарснаас хойш хэр удаан эмчилгээ хийлгэсэн бэ?


-Нэг сар гаруй л эмчилгээ хийлгэсэн.


-Хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийж байсан гэж сонссон. Сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авсан уу?


-Оюутолгойгоос сэтгэлзүйч гаргаж өгсөн. Би хэд хэдэн удаа уулзаж зөвлөгөө авсан. Гэхдээ сэтгэлд нийцээгүй. Хандлага нь ч таалагдаагүй. Өмгөөлөгчдөө таагүй байгаагаа хэлэхэд, тэгвэл дахиж уулзаад хэрэггүй, чиний мэдээллийг цааш нь хэлээд байвал хэцүү. Шүүх хурал дээр чамайг өөрсдийнхөө талд хүлээн зөвшөөрүүлэх оролдлого хийж ч магадгүй гэсэн. Дахиж тэр сэтгэлзүйч дээр очоогүй. Харин ирээч гээд байнга залгаад л байсан.


-Энэ хугацаанд Оюутолгойн удирдлагууд таньтай холбогдсон уу?


-Надтай нэг ч удаа холбогдоогүй ээ.


-Ер нь Оюутолгойгоос таньд туслалцаа үзүүлсэн үү?


-Туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд тэр үедээ л байр, хоолны мөнгөөр хангаж байснаас миний цаашдын ирээдүйг бодож хүн ёсны үүднээс туслахгүй байгаа. Хэрэгцээний болон эмчилгээний зардлыг гаргаж байсан. Тухайн үедээ л намайг аргацаая гэсэн маягтай байсан.


-Хэдийгээр та хохирогч ч гэлээ жирийн л нэг бүсгүй, Оюутолгой бол маш том компани. Таны гомдлыг тоож үзэх боловуу даа?


-Цалин мөнгө өндөртэй, харуул хамгаалалт сайтай үнэхээр мундаг газар ажилд орлоо. Одоо л ар гэрээ аваад явчихаж чадах байх гээд хамаг найдлагаа тавиад очсон. Гэтэл мөрөөрөө ажилаа хийж байгаад ийм их харгислал, хүчирхийлэлд өртөж, хохирогч болчихоод өнөөдөр хүний царай харах эрхгүй явж байгаа болохоор үнэхээр их гомдолтой байна. Ядаж байхад иргэний хариуцагчаас зугатаж туслан гүйцэтгэх компаниудтайгаа ээлжилж хүний зовлонгоор тоглоод байгаад үнэхээр их гомдож байна. 


М.Нямчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ