Увс аймагт хаваржилт хүндэрч 44 мянга гаруй мал хорогджээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу тус комиссын нарийн бичгийн дарга хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай бүлэг Увс аймагт ажиллажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон ОБЕГ, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд багтсан байна. Шуурхай бүлэг, аймгийн онцгой комиссын гишүүдийн хамтаар хаваржилт хүндрээд байгаа тус аймгийн Өлгий, Өмнөговь, Тариалан суманд ажиллаж удирдлагуудтай нь уулзаж хаваржилтын талаар мэдээлэл сонсож, малчин өрхүүдээр орж, санал хүсэлтийг нь сонсжээ.
Увс аймгийн хэмжээнд энэ сарын 4-ний байдлаар 44 мянга гаруй толгой мал хорогдсон байна. Увс аймгийн онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Батсайхан Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүнд хүсэлт гаргасны дагуу улсын нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаар болжээ. Шуурхайн комиссын ажилласан сумдад цас их орсны улмаас мал бэлчээрлэх боломжгүйгээс гадна зам даваа хаагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ