Яам, агентлагийн нэр барин иргэдээс 15 сая төгрөг залилжээ

Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, М гэгч нь ял эдлэн шоронгоос суллагдаж гарсанаасаа хойш иргэдийг хууран мэхэлж залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тэрээр одоогийн байдлаар Улаанбаатар хот болон 13 аймгийн 26 суманд нийт 43 удаагийн үйлдлээр 46 хохирогчоос 15.795.000 төгрөгийг мэхэлж авснаа мэдүүлээд байгаа юм. Залилан мэхлэх гол арга нь “Үндэсний лавлах 1900-1950” гэсэн лавлах утаснаас тухайн сум орон нутгийн засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нарын утасны дугаар, мөн байгууллагын дарга нарын утасны дугааруудыг авч Олон улсын Жайка байгууллага, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам зэрэг байгууллагуудын нэрийг барьж “Танай сумаас 2 иргэнийг Олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ амьдрал төсөл”, Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Буцалтгүй тусламжийн төсөл”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас хэрэгжүүлж буй “Улсаас буцалтгүй тусламж олгох төсөл” зэрэгт хамруулна, таны амьдрал, эрхэлж буй бизнесийг чинь дэмжиж 10 саяас 25 сая төгрөгийг олгоно, байртай болгоно, төсөлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөр хураамж төлсөн байх шаардлагатай” гэж итгүүлэн иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгийг бусдын дансаар шилжүүлэн авдаг аж. Иймд иргэд та бүхэн танихгүй хүнтэй утсаар холбогдож тэдний амлалтад итгэж мөнгөө шилжүүлэхгүй байх, мөн өөрийн дансаар бусдын мөнгийг шилжүүлэн авч өгөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Залилан хийсэн М нь 2004 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 онд 1 жил 10 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2016 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ