Баярын өмнө Туркмений охидод ерөнхийлөгчөөс хоосон дугтуй гардуулжээ


Гуравдугаар сарын 8-ны баярын өмнө Туркмений бяцхан охидод тус орны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедоваас хоосон дугтуй гардуулсан байна. Эндхийн “Эрх чөлөө радио” ингэж мэдээлжээ. 

Охидод дугтуй гардуулж байгаа бичлэгийг гуравдугаар сарын 4-нд мэдээллийн “Watan Habarlary” нэвтрүүлгээр үзүүлсэн байна. Охид дугтуйг гардсан аваад,  ерөнхийлөгчид талархал илэрхийлэн дугтуйнаас  адис авч байжээ.

Ийм зан үйл нь тус улсад аж төрж байгаа эмэгтэйчүүдэд мөнгөн тэтгэмж  өгч байх тухай Бердымухамедовын захирамжтай холбоотой юм. Энэ жил нийслэлийн болон мужийн захиргааны тэргүүн нар мөнгийг гуравдугаар сарын 4-нд хүлээж авчээ. Мөнгө гардуулах ёслолыг 2011 оноос жил бүр хийж байгаа аж. 

Ингэхдээ мөнгө  (17 ам. доллартай тэнцэх мөнгө – манайхаар 47 мянга орчим төгрөг – ред.,) авах дэгийг ерөнхийлөгчийн захирамжаар зохицуулдаг бөгөөд 16 хүртлэх насны охидуудад очих мөнгийг эцэг, эх нь юмуу  асран хүмүүжүүлэгч нь авдаг бөгөөд ингэхдээ иргэний үнэмлэхээ үзүүлдэг байна.

“Духандаа хүргэж буй дугтуй нь хоосон, харин мөнгийг эцэг, эхээр нь гарын үсэг зуруулан тэдэнд гардуулж байх юм. Одоо гурван ойтой хүүхдүүд ч дугтуйг духанд хүргэж, энэ бүхнийг  телевизээр үзүүлж байна.  Жижиг хүүхдүүд тэдэнд хэлсэн бүхнийг хийдэг нь мэдээж,  тэд юу ойлгох билээ? Тэднийг ингэж албаддагийн учир нь юу билээ?” гэж Ашхабад хотын нэг оршин суугч радиогийн сурвалжлагчтай санал бодлоо хуваалцжээ. 

Үүнээс гадна,  ийм  доромжилсон юм шиг байдлаар талархал илэрхийлүүлж, түүнчилэн үүнийг нийтэд  үзүүлж байгаа нь  бүр бага наснаас нь хувь хүнийг төлөвшүүлэхэд хөндлөнгөөс оролцож байгааг нотлох  ээлжит баримт юм гэж тэр хүн хэлсэн байна.  “Эрх баригчид хувь хүний төлөвшилтөд хөндлөнгөөс оролцож байна. Ингэснээр, бүр бага наснаас нь хувь хүнд ёс суртахууны хохирол учруулж, бусдын гар харж, тэжээлгэх загвар бий болгож байна” гэж тэр мэдэгджээ. 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ