Даргыгаа авах гэж яваад замын хажууд зогсож байсан эмэгтэйг дайрчээ

Өнөөдөр өглөө БЗД-ийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудалд зам тээврийн ноцтой осол гарч, ослын улмаас нэг хүн газар дээрээ амиа алдсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийн жолооч өглөө даргыгаа авах гэж яваад осол гаргасан байна.
Энэ талаар бид Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодруулахад, "Цагдаагийн ерөнхий газрын автобаазын мэдэлд байдаг 0162 УНУ "Соната-8" маркын автомашин өнөөдөр өглөө 07.09 минутад БЗД-ийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ буудалд зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас 52 настай эмэгтэй амь насаа алдсан гэх мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн" гэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Осол болох үед тус машины урдуур хүүхэд гүйсэн учир тоормос гишгээд хажуу тийш нь дарахдаа замын хажууд зогсож байсан 52 настай эмэгтэйг дайрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ