Галын улмаас зарим бичиг баримт, тавилга шатжээ

Нийслэлийн төв цэгт гал гарч байна. Тодруулбал, талбайн баруун талд байх "Голомт" банк болон НЗДТГ-ын байрны хана шатаж буй аж. 18.00 цагийн байдлаар онцгой байдлын албан хаагчид галыг унтраалаа. Урьдчилсан байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гал гарсан байна.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан "Хоёр байрны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу" гэж үзэж байгаа юм байна. Мөн галын үеэр зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатсан байдалтай. Зөвхөн гал гарсан өрөөнүүдэд есөн хүн ажиллаж байсан бөгөөд галын үеэр бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэллээ.
Харин хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр "Гал гарах үед юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гарсны дараа гал гарч эхэлсэн" гэдгийг хэллээ. Гэвч галын эцсийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байгаа юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ