ЗЦГ-ын гүүрэн гарцын ажлыг аравдугаар сард дуусгана

Замын цагдаагийн газар (хуучнаар)-ын дэргэд барьж буй гүүрэн гарцын барилгын энэ жилийнажил эхэлж байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Гүүрэн гарц барих” төслийн (“Хоум Плаза”-гийн уулзвараас “Нарны зам” хүртэлх) ажлыг 2018 онд эхлүүлснийг дурдаад, “Нийт 477 метр урт гүүрийн бүтээн байгуулалтын эхний ажил 43.5 хувьтай байна. Барилгын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үргэлжилсэн их усархаг бороо орохгүй бол энэ жил наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрээ нээнэ. Гүүрийн нийт барилгын ажил аравдугаар сарын эхэн гэхэд төлөвлөгөөний дагуу дуусна” гэж мэдэгдлээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат мэдээлэхдээ, “Өнгөрсөн жил гүүрэн гарцын барилгын ажил эхлэхэд Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Энэ жил барилгын ажил үргэлжлэхтэй холбогдуулан гуравдугаар сарын 25-наас Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хаана. Энэ өвөл барилгын ажил түр зогссон учраас замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж түгжрэлийг бууруулахын тулд дээрх гудамжийг түр хугацаанд нээгээд байсан. Одоо буцааж хаахад Автозамчдын болон Гэндэнгийн гудамж, “Нарны зам”-ын ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс жолооч нар энэ замыг сонгон явахгүй байх хэрэгтэй байна” гэв.
Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 24-25 шилжих өдрийн өглөө хаах талаар мэдээллээ. Ингэхдээ олны хэлдэгээр 13-ын шинэ зам буюу Натурын гудамжийг хаахгүй байхаар төлөвлөж байна гэлээ.
М.Нямчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ