Хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 30 хувь хүртэл бууруулна

"Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног"-ийг энэ жилийн хувьд "Давсыг хоолны цэснээс хасъя!" уриан дор энэ сарын 25-наас ирэх сарын 1-нийг хүртэл ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСШУСЯ, МХЕГ хамтран тэмдэглэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: Монгол хүний хоногийн давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж болох хоногт 5 граммаас даруй хоёр дахин их байгааг тогтоосон. Насанд хүрэгсдийн хоногт хэрэглэх давсны хэрэглээг 5 грамм хүртэл бууруулах нь хувь хүн болон улс орны эрүүл мэнд, эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц үр өгөөжийг өгдөг. НҮБ-ын агентлагуудын хамтарсан шинжээчдийн баг Монгол Улс дахь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах арга замын талаарх судалгаа явуулахад давсны хэрэглээг багасгах нь хамгийн үр дүнтэй гэсэн дүгнэлт гарсан. Бидний тооцоогоор давсны хэрэглээ бууруулахад зарцуулсан нэг төгрөг тутамд 15 жилийн хугацаанд 16.9 төгрөгийн эрүүл мэнд болон эдийн засгийн үр өгөөж эргэн ирэх боломжтой. Та бүхнийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд өөр өөрийн ажлын байранд давсны хэрэглээг бууруулах чиглэлээр тодорхой ажил санаачлан хийхийг уриалж байна.
ЭМЯ, НЭМГ-ын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Хандармаа: Давс нь тархины харвалт, ходоодны хавдар, яс сийрэгжилт, чихрийн шижин болон бөөрний өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Дээрх өвчнөөс урьдчилан сэргийлэх, өртөхгүй байх нь биднээс ямар нэгэн үнэ, өртөг шаардагдахгүй харин зөвхөн сонголтоос л шалтгаална.
ХХААХҮЯ-ны ХХҮҮ-ний хлах мэргэжилтэн Д.Болд: 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний хоолны давсны агууламжийг 30 хувь хүртэл бууруулахаар зорилт дэвшүүлсэн. Хоол хүнсний үйлдвэрлэлд давсны агууламж багасгах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний стандартыг шинэчлэн тогтоох, хүнсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангаснаар иргэдийг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах нөхцөл бүрдэнэ. Мөн байгалиасаа давс бага агуулдаг үр тариа, жимс, хүнсний ногоо, сүү, цагаан идээний нийлүүлэлт, үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүн амын хоол хүнсний талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсээ сонгох, хэрэглэх, хадгалах хандлагыг өөрчлөх, хяналт тавих дадал төлөвшүүлэх, өрхийн хүнсний хэрэгцээгээ хангах, сайжруулах тогтолцоогоо нэмэгдүүлэх зэрэг үр дүн авчирна.
Хэвлэлийн хурлын үеэр иргэд, хүнсний бүтээгдэхүүн болон хоолны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхийг эмч, мэргэжилтнүүд уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ