Япон маягийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголд нутагшуулна

Япон чанар, япон технологи, япон үйлчилгээ бүхий цоо шинэ эмнэлэг үүдээ нээхэд бэлэн болжээ.  АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу Япон, Монгол сургалтын эмнэлгийн бэлэн болсон барилга болон техник тоног төхөөрөмжтэй сэтгүүлчдийг танилцууллаа.


Япон, Монгол сургалтын эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо байрлалтай. Тус эмнэлгийн барилгын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд өнөөдөр улсын комисст хүлээлгэж өгөх юм. Улмаар дөрөвдүгээр сарын 1-нд барилгыг хүлээн авах ёслол хийх бол зургадугаар сарын 17-нд амбулаториа туршилтын журмаар ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн байна. Харин наймдугаар сараас хэвтэн эмчлүүлэх тасгуудаа ажиллуулж эхлэх бөгөөд энэ оны  арванхоёрдугаар сар гэхэд эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллана гэдгийг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэллээ.
Гэхдээ барилга ашиглалтад орсноор Япон Монголын хамтын ажиллагааны  төсөл нь дуусахгүй. Уг төсөл “эмнэлгийн барилга баригдаж дуусах хүртэлх бэлтгэл”, “эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсний дараах бэлтгэл”, “эмнэлгийг ашиглалтад оруулсны дараах шатны үйл ажиллагаа” гэсэн гурван хэсэгтэй. Энэ дагуу эмнэлэг ашиглалтад орсны дараа шинэ дэвшилтэт менежмент болон өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх удирдлага, зохион байгуулалтыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, улмаар япон маягийн менежмент буюу өвчтөн төвтэй, өвчтөнд ойр эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм. 


 Япон-Монголын сургалтын эмнэлэг нь:

1.Эмнэлгийн менежмент нь зохистой байх
2.Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх
3.Шинэ дэвшилтэт эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх
4.Өндөр түвшний яаралтай тусламжийн бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх гэсэн дөрвөн гол үр дүнд хүрэхийг зорин ажиллаж байгаа ба ур чадварын түвшин, чанарын хувьд өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхүйц тогтолцоог бүрдүүлж, цаашлаад сургалтын эмнэлэг болохынхоо хувьд шинэ дэвшилтэт түвшинд үйл ажиллагаа явуулдаг болохыг зорих юм.


Япон, Монгол сургалтын эмнэлгийн онцлог
 
Нэгдүгээрт, Монголд хамгийн анхны сургалтын эмнэлэг болохынхоо хувьд “эмнэлзүй”, “боловсрол”, “судалгаа” гэсэн гурван үүрэг гүйцэтгэх учиртай юм. “Эмнэлзүй” нь, ур чадвар болон чанарын өндөр түвшинд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх тухай юм. “Боловсрол” нь, анагаахын боловсрол олгодог болон эмнэлгийн ажилтнуудын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах эмнэлзүйн судалгаа, шинжилгээ хийдэг, боловсролын байгууллага болох тухай юм. Монголд төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, сургалтын хөтөлбөр гэсэн боловсролын тогтолцоо, орчин нөхцөл хангалттай бүрдээгүй тул ийм тогтолцоог бүрдүүлснээр Монголын нийт эмнэлгийн ажилтнуудын ур чадвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм. “Судалгаа” нь, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон иргэдийн эрүүл мэндийг дэмжих, сайжруулахад хувь нэмэр оруулахуйц “судалгаа”-ны тухай юм. Энэ гурван үүргийг гүйцэтгэснээр Япон, Монгол сургалтын эмнэлэг нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хийгдэх инновацид ихээхэн хувь нэмэр оруулах болно. Нөгөөтэйгүүр, уг төслийн хүрээнд, ур чадварын болон чанарын хувьд өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхүйц эмнэлгийн менежментийг хэрэгжүүлэхгүйгээр сайн чанартай боловсролыг олгох болон судалгаа шинжилгээний үр дүн гаргах нь боломжгүй гэж үзэж байгаа тул “эмнэлзүй”-н үйлчилгээний тогтолцоо, нөхцөлийг бүрдүүлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Хоёрдугаарт, 3-р шатлалын эмнэлэг болохынхоо хувьд өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг байх юм. Япон, Монгол сургалтын эмнэлэг нь 104 ортой, дэвшилтэт, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эмнэлэг болоод зогсохгүй өндөр түвшний яаралтай тусламж үйлчилгээ, өнөөгийн монголд эмчлэгдэхгүй боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломжтой болох юм.

Гуравдугаарт, япон маягийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн эмнэлэг болох юм. МК1, СТ, ангиограф гэсэн шинэ дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” гэх мэт япон маягийн эмнэлгийн менежментийг хийх болно. “Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” нь өвчтөнд ойр, өвчтөнд таатай байхуйц тусламж үйлчилгээг үзүүлэх ба жишээлбэл Япон, Монгол сургалтын эмнэлэгт Өвчтөнд дэмжлэг үзүүлэх төвийг байгуулах бөгөөд эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарахад өвчтөн болон өвчтөний ар гэрийнхэнд учрах ачааллыг бууруулахад чиглэсэн дэмжлэгийг үзүүлнэ.
“Эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” нь, эмчээс авахуулаад сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникч, лаборант, эм зүйч зэрэг эмнэлгийн бүх ажил мэргэжлийн ажилтнууд нэгэн баг болон нэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлснээр үр дүнтэй бөгөөд бүтээмжтэй ажиллахыг зорих юм.

Япон Монголын сургалтын эмнэлэг 104 хүн хэвтэн эмчүүлэх боломжтой юм. Цаашид хүчин чадлыг нэмэгдүүлэн 300 ортой болгохоор зорьж ажиллана гэдгийг төслийн багийнхан дуулгалаа.
 




Япон-Монголын сургалтын эмнэлэг нь томограф, ангиографи, рентген аппарат, клиник оношилгооны төхөөрөмж, хэвтэн эмчлүүлэгчийн ор, гээд 270 төрлийн  хэрэгсэлээр иж бүрэн тоноглогдсон. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ