Дур тавигсад, лалрууд, троллуудыг цэгцлэх цаг нь болсон

    Манай зарим хэрэглэгчидийн дунд олон нийтийн сүлжээ буюу сошиалаар тэр дундаа нэрээ нуусан хаягнаас бие биенээ гүтгэн доромжлох, хараах зүхэх, садар самуунд уриалан дуудах зэрэг байдал газар авсан. Түүнийг нь зарим нэг хүмүүс зохион байгуулалттайгаар хөхүүлэн дэмжих байдлаар өөрийн явцуу эрх ашгийн үүднээс ашиглах явдал ч бий. Ялангуяа 2020 оны сонгуулиа бодсон ч, хойч ирээдүйдээ үзүүлж буй үлгэр дуурайллаа бодсон ч энэ бусармаг үйлдлийг засаж залруулах нь аль ч утгаараа зөв.  Зөвхөн Фэйсбүүк хэрэглэгчид ч бус, жиргээ гэх гоё нэрийн доор "гондоом" углаж, нүүрээ нуусан лалрууд ч их бий. Ямар сайндаа л тэднийг хүн гүтгэж дур тавигсад, лалрууд, троллууд хэмээн өөр өөр олны танил хүмүүс, янз бүрээр нэршиж байхав дээ. Жишээ нь ноён Баабар тэднийг хүн гүтгэж дур тавигсад гэж хэлсэн бол , хотын дарга асан Э.Бат-Үүл жиргээчдийг лаларууд хэмээсэн удаатай.  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч сүүлийн үед "троллууд" гэсэн нэр томьёо, ойлголтыг нийгэмд ил гаргаж тавиад байгаа.


Ямар ч атугай Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 


Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй нийт 28 саналыг боловсруулсан байна. 


    Ингэхдээ нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ. Яг үнэндээ сошиалын замбараагүй байдлыг цэгцэлж, нүүрээ нуусан нуухтай нөхдүүдийг ил гаргах зөв боловч, регистрийн дугаараар ордог болгох нь арай л биш үү?

   "Регистрийн дугаар гэдэг хувь хүний мэдээллийн түлхүүр. 3 сая Монголчуудынхаа дийлэнхийх нь мэдээллийг гадны компанид аваачаад бүртгүүлээд хүлээлгээд өгчихөөр юу болох вэ" хэмээн халаглах хүн ч байна. Олон нийтийн сүлжээгээр бусдын эрхэнд халдсан үйлдлийг илрүүлэхэд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар болсоныг хууль санаачлагчид хэлж байна. 

Ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанитай хамтран ажиллахаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж, тодорхой асуудлууд дээр тохирсоны нэг нь Фэйсбүүк хэрэглэхдээ регистрийн дугаараар орох явдал юм байна. Ер нь нийгмийн сүлжээгээр хуурамч нэртэй хаягнаас бусдыг гүтгэж доромжлох явдал хэрээс хэтрээд байгааг гишүүд дурдаад үүнд тавих хяналт, доромжлуулсан хүмүүсийн эрхийг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаагүй байгааг дурдаж байсан.  Нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг ч холбогдох үүрэн холбооны компаниудтай хамтран хийж эхэлсэн байна. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.

Ж.Оч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ