Замын-Үүдийн жолооч нарын эрх ашиг зөрчигдөж байна гэв

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Улс хооронд тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус сумын “Эвийн үүд хамтын жолоо”, “Говийн жолоо”, “Далд хүн” ТББ-ын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийнхээ эхэнд тэд,  “Одоо явж байгаа УАЗ 469 машинууд Замын-Үүд суманд авто тээврийн боомт нээгдснээс өнөөдрийг хүртэл улс хооронд хүн зөөж, тээвэрлэж байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд БНХАУ-ын боомтоор орох тээврийн хэрэгслүүдэд шахалт орж эхлэсэн.  Тухайлбал, тээврийн хэрэгслийн зорчих эрхийг нь хасаж, жолооч нарыг зодож, УАЗ 469 машинаар иргэдийн гар тээшийг ачих эрхгүй болгосон. Мөн Эрээн хотын байцаагчийн харилцаа ёс зүйн хувьд өндөр доголдолтой болж, өнгө үзэмжээр асуудлыг шийддэг. Тиймээс Монгол Улсын иргэдийн эрх ашиг тэр дундаа амьдралаа авч яваа Замын-Үүд сумын жолооч нарын эрх ашиг ноцтой зөрчигдөж, эцсийн шатанд хүрсэн тул олон нийтэд мэдээллэж, төр засаг нь ард түмнээ эргэж харахыг хүсэж байна. Жолооч нар үйл ажиллагаагаа УАЗ 469 машинаар явуулдаг. Харин иргэдийн зүгээс хэлэхдээ өнгө үзэмжгүй, тухгүй гэж боддог. Гэхдээ бид өөр машин оруулах гэдэг боловч хоёр улсын хооронд хийсэн гэрээнд зөвхөн УАЗ 469 машинаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулна гэх заалт байдаг. Тиймээс өөр машинаар солихыг зөвшөөрдөггүй” гэдгийг онцолсон юм.

Тиймээс тэд Монгол Улсын Засгийн газраас дараах хоёр зүйлийг хүсэж байгаагаа өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн юм. Тодруулбал, Нэгдүгээрт, Хилийн боомт нэвтрэхэд дарамт шахалтгүйгээр зорчигчийнхоо ачаа тээшийг авч явахад туслах, Хоёрдугаарт, Ачааны зориулалтын хэсэгт зорчигчийн өргөн хэрэглээний ахуйн барааг тавиулдаг болгох асуудлыг Авто тээврийн үндэсний төв, Засгийн газар, Зам, тээвэр хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагууд анхааралдаа авч ажиллахыг хүсэж байна гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ