Сүхбаатарын талбай дээр маргааш эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг маргааш буюу энэ сарын 30-ны өдөр нийслэл, 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг гээд улс орон даяар зохион байгуулагдах гэж байна.

Сүхбаатарын талбайд зохион байгуулах нэгдсэн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны инситут, Мэргэжлийн боловрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.

Тиймээс иргэд идэвхтэй оролцож нийгмийн даатгал, гэр бүлийн чиглэлийн зэрэг бүх төрлийн үйлчилгээг нэг дороос нэг цэгээс авах боломжтой.

БҮХ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТСҮҮД ТАЛБАЙ ДЭЭРЭЭС НЭГ ДОРООС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлах үйлчилгээ уг өдөрлөгийн үеэр болох бөгөөд 60 гаруй томоохон аж ахуйн нэгж ажлын байрны захиалга өгөөд байгаа ажээ. Ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлэх юм байна.

Түүнчлэн бүх дүүргийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хэлтсүүд талбай дээрээс нэг дороос үйлчилгээ үзүүлж,

  •     мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж,
  •     эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ авах,
  •     хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний талаарх мэдээлэл зөвлөгөө,
  •     хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах ААН, ТББ мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зөвлөгөө хэрэгтэй бол энэ чиглэлийн мэргэжилтнүүд Сүхбаатарын талбайд ажиллаж шаардлагатай бүхий л мэдээллийг өгч үйлчлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг зохион байгуулагчид дуулгаж байна.

Мөн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулах аж.

 

Эх сурвалж: НХЭГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ