ЭТТ:Дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувийг дангаараа бүрдүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани энэ оны эхний улирлын үйл ажиллагааны талаар өнөөдөр /2019.4.29/ мэдээлэл хийлээ.

Тус компани эхний улиралд 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонн нүүрс экспортолсон байна. Мөн борлуулалтын орлого 741 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Харин 2018 оны жилийн эцэст 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортлон, 1.99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байжээ. Мөн улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын эдийн засагт 1.16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, Дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувийг дангаараа бүрдүүлжээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийж байгаа бөгөөд Тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ