Үндэсний бичиг үсгийн баяраар120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн болно
Жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг ирэх сарын 3-8-нд “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэх талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Үндэсний бичиг үсгийн баярын нээлт Монголын Үндэсний номын сангийн гаднах талбайд ирэх сарын 3-нд болох юм. Уг баярыг эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ жил улсын хэмжээнд монгол бичиг үсэг, өв соёлоо сурталчилсан 120 гаруй төрөлжсөн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, сургалт, монголчуудын бичиг үсгийн соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн зэргийг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын байгууллагууд хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.
Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдааныг орон даяар зохион явуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг-Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран “Аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах” ажлыг зохион байгуулна.
“Бичиг соёл” төвийн тэргүүн, уран бичээч Д.Ганбаатар: Дэлхийн аль ч орны уран бичлэгтэй дүйцэхүйц монгол бичиг соёлын өвөрмөц сонгодог хэлбэрийг уран бүтээлчид залуу үедээ улмаар дотоод гадаадын үзэгчдийн мэлмийд толилуулдаг “Бичиг соёл-2019” үзэсгэлэн ирэх сарын 10-нд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ-аас уран бүтээлчид, нийслэл болон хөдөө орон нутгаас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Архангай аймгийн нийт 40 гаруй уран бүтээлч оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн уралдааныг МУСГЗ, яруу найрагч, хайкуч Ү.Хүрэлбаатарын нэрэмжит болгон зохион байгуулна.
Монголын Үндэсний номын сангийн Бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах: Бичиг үсгийн баярын нээлтийн үеэр шилдэг нийтийн номын санг Үндэсний номын сангийн нэрэмжит шагнал “Ном цом”-оор шагнана. Мөн “Даавуун артай баримтат өвийн хадгалалт, хамгаалалт, өнөөгийн байдал” онол практикийн хурал Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд ирэх сарын 6-нд, “Даавуун артай соёлын баримтат өв” үзэсгэлэнг Үнэт ховор номын музейд, “Үндэсний бичг үсгийн баяр” номын үзэсгэлэн, “Номын сангийн үйл ажиллагааны тайлан боловсруулах аргачлал” сургалтыг тус тус зохион байгуулна.
Мөн энэ үеэр зохион байгуулагчид ард иргэд, уншигч, үйлчлүүлэгчдийг “Үндэсний бичиг үсгийн баяр-2019”-ын хүээнд зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ