Авлига авсан гэх МХЕГ-ын байцаагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Авлига авсан гэх МХЕГ-ын байцаагч нар холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал болсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр Э.Аззаяагаас гадна Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг мөн дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.

Мөн хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ.

Сануулбал, 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан юм.

Тухайлбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө хураагдсан.

Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсоноор прокурор яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэргийг нь шилжүүлсэн байдаг. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ