ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй: Удахгүй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт авч эхэлнэ

“Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтанд оруулна” хэмээн Засгийн Газрын түвшинд яригдсан ч ажил хэрэг болоогүй.
Энэ талаар ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй:
“Дэд бүтцийн ажил дээр хүндрэл учраад барилгын ажил хойшилсон. Гуравдугаар сар гаргаад дулааны эх үүсвэрээр хангагдах байх гэсэн мэдээлэлтэй байна. Ингэсэн нөхцөлд хоёр сарын хугацаанд дотор заслын ажлаа хийж дуусгаад иргэдийг хамруулах боломжтой болно. 972 айлын орон сууцыг бүгдийг нь худалдан борлуулах уу, түрээслүүлэх үү гэдгийг орон сууц ашиглалтанд орсны дараа Засгийн Газар шийднэ” гэж тайлбарласан.
Тэгэхээр “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууц ирэх тавдугаар сард ашиглалтанд орж магадгүй байна.
Хөтөлбөрт хамрагдах журмыг шинээр боловсруулж байгаа бөгөөд БХБЯ-ны зүгээс саналаа боловсруулж Засгийн Газарт хүргүүлэх юм байна. Орон сууц ашиглалтанд орж, журам батлагдсаны дараа түрээсийн орон сууцанд хамрагдах талаархи хүсэлтийг иргэдээс хүлээж авах юм.
2015-2021 оны хооронд “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулах Засгийн Газрын тогтоол 2015 онд гарсан.
Гэтэл өмнөх Засгийн Газруудын үед баригдсан 1512 айлын түрээсийн орон сууц л байна.
“Энэ жилдээ 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна. Үүний 972 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт хэрэгжинэ” гэж холбогдох албаныхан ярьж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ