“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгээр өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна. Үүнийгээ дагаад автомашины зогсоол нь хүрэлцдэггүй ажээ.

Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэн 320 автомашины зогсоолтой. Шинээр барих 374 автомашины зогсоолын зураг төсөл бэлэн болсон хэрнээ он дамжин хүлээгдэж  байгаа тул энэ асуудлыг нийслэлээс шийдэх боломж байгаа, эсэхийг тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуул хотын даргад уламжилжээ.

Энэ үеэр хотын захирагч Үндэсний цэцэрлэг хүрээлэнд хэрэгжиж байгаа шинэ төсөл болох Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36  га талбайд “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буй бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэхүү төслийг “Хан талст” ХХК 2016 оноос эхлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай байгаа аж.

“Хан талст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энх “Бидний санаачилсан төслийг дэмжсэн хотын удирдлагууддаа баярлалаа. Бүтээн байгуулалт өрнөж буй эл газар урьд нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж бид нэг жил гаруй хугацааг зарцуулсан. “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсэд олон улсын стандартын шаардлага хангасан бүхий л үйлчилгээг багтаахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, задгай театр, дугуйн зам, хиймэл нуур, ногоон байгууламж, жуулчдын байр гээд бүгд бий. Одоогоор бид энэ төсөлдөө гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна” гэжээ.

Хотын захирагч байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд,  залууст хэрэгтэй төдийгүй, жуулчдыг татах иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

“Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалт 60 хувьтай байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ