МАН-ын үед машин, байр авах хэцүү л байна уу?

Манай иргэд ямар төрд гарсан эрхэмүүд шиг хэдэн зуун сая, тэрбумаар нь хүсэж мөрөөдөх биш дээ. Тэгээд ч арай тэмүүлэлтэй, хийж бүтээх гэж ядаж яваа хэсгийнх нь боломжийг “ЖДҮ”-чин төрийн түшээд нь аваад зооглочихсон. Ихэнх нь унах унаа, орох оронгоо өөд нь татчихвал болох нь тэр хэмээн ярьцгаадаг улс. Гэхдээ л иргэд, олон нийт тухайн жилүүдэд ямар нам давамгайлж төрийн эрхийг барина, түүгээр нь нэршиж, МАН-ын үед, АН-ын үед хэмээн ярилцах нь бий. Энэ утгаараа “МАН-ын үед машин байр авах хэцүү, хэцүү” хэмээх хэлц үг ч гарах янзтай. Банкны хүүг нам засгаас тогтоодоггүй юмаа гэж ятгаад ч нэмэр болохгүй зөрүүдлэнэ. Ингээд бодохоор иргэд маань банкны хүүг буулгаж, хугацааг нь сунгах боломжтой гэдгийг бас цаагуураа мэдээд ч байгаа юм шиг. Арга ч үгүй биз дээ, авто машины зээлийг нь хүртэл 96 сар буюу 8 жилээр олгодог байсныг нь МАН-ын үед 30 сар болгочихлоо шүү дээ. Одоо тэгэхээр та 96 сараар олгож байгаа Банк бусруугаа очиж хүүндээ дарлуул гэж тохуурхах хүмүүс ч бий. Яах гэж сонгосон юм хохь чинь хэмээн тавлах нөхөд ч байна. Жишээ нь Ипотекийн зээл олголт л гэхэд оргил үеүддээ жилд дунджаар 700-800 тэрбумаар олгогддог байжээ. Гэтэл багассаар багассаар 2018 онд ердөө 186 тэрбумын зээл олголт хийгдсэн байх юм. Харин 2019 оны төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр 500 тэрбумыг тусгасан нь Жижиг дунд нүглээ наминчилах Ардын Засгийн ачлал байвуу, эсвэл байрны түлхүүрүүдээ хэдэн борлуулагчийнхаа гарын хээгээр элээж зүдрэхдээ, байж суух газраа олж ядсан Барилгын компанийн захиралуудын лобби байсануу бүү мэд. Ямар ч атугай ипотек дээр ахиц дэвшил гарч л байна. Харин машины лизингийн 96 сарыг 30 сар болгосны гороор банк бусууд 96 сар өндөр хүүгээр нэг сайхан гороолж байх шиг. ЖДҮ-ийн зээл нэрээр авсан мөнгөө банк бусд аваачаад хүүлчихдэг манай гишүүд арай, банк бусуудын барьцаанд байгаа юм биш биз?
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ