Д.Сарангэрэл: 15 дугаар сургуулийн 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэсэн онош гарсан

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд сүрьеэ өвчний халдвар гарсан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
-"Мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагынханаас нарийвчилсан мэдээлэл болон эцсийн дүгнэлтийг авч байж мэдээлэл өгнө. 15 дугаар сургуульд хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэн шийдвэр гаргана.
ХӨСҮТ-ийн даргаас өчигдөр авсан мэдээллээр, тус сургуулийн бүх хүүхдүүдэд шинжилгээ хийгээд, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа гэж ойлгосон. Нарийн мэргэжлийн эмч нарын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Асуудлууд тодорхой болсны дараа шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Тус сургуульд 500 гаруй хүүхэд сурч байгаа. Тэдгээрээс хэдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь арай өөр өөр тоо яригдаж байна. Шинжилгээний эцсийн дүн гараагүй болохоор нарийн тоо хэлэх боломжгүй" гэв.
15 дугаар сургуульд ХӨСҮТ багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж эхлээд байгаа юм байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа юм байна лээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан.
Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ