Ирэх даваа гаригаас нийслэлд шуурхай чиглэлийн автобусууд явж эхэлнэ

Нийслэл хотод нийтийн тээврийн автобусны зарим чиглэлийг өөрчилж, нэмж байгаа талаар өнөөдөр Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, иргэдэд хүртээмжтэй шуурхай үйлчлэх, үйлчилгээг эрчимжүүлэх үүднээс зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэнд оруулж, нэмж экспресс буюу шуурхай явах автобусны чиглэлийг гаргаж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа мэдээллээ.

Тодруулбал, шинээр гурван шуурхай чиглэлийг нээн тавдугаар сарын 20-ноос буюу ирэх даваа гаригаас эхлүүлэхээр болжээ. Үүнд, нэгдүгээр шуурхай чиглэл: “Таван шар-Зүүн 4 зам” чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр “Таван шар”-аас Зүүн 4 зам хүртэл үйлчлэх бөгөөд “Таван шар”-Хархорин-Саппоро-10-р хороолол, 25-р эмийн сан-Баруун 4 зам-УИД-Сүхбаатарын талбай-“Өргөө” амаржих газар-Зүүн 4 зам гэсэн 10 буудалд зогсож шуурхай үйлчлэх юм байна. Ингэснээр оргил ачааллын үеэр хамгийн их түгжрэлтэй байдаг хөдөлгөөнийг 20 орчим хувиар бууруулахаар тооцжээ. Автобус явах хурдыг нэмэгдүүлж иргэдийн зорчих хугацааг 15 минутаар багасгана гэв.

Хоёдугаар шуурхай чиглэл: “Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжгийн коллеж” (Консерватор) чиглэл нь “Таван шар”-аас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар явж үйлчлэх бөгөөд “Таван шар”-32-р байр-Саппоро-10-р хороолол-25-р эмийн сан-“Элба” дэлгүүр-“Бөмбөгөр” худалдааны төв-Чингэлтэй дүүрэг-МУИС-Хөгжим бүжгийн коллеж гэсэн мөн 10 зогсоолоор үйлчилнэ. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны хөдөлгөөн ихтэй цэгүүдийн ачааллыг 25 орчим хуиар буурч, хамгийн их зорчдог их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болно гэв. Мөн тухайн гудамжнуудын замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацааг 10 минутаар багасгах нь.

Гуравдугаар шуурхай чиглэл:”Зунжин-7 буудал-“Ард” кинотеатр-ТЭЦ-3” нь хөндлөн чиглэлд буюу “Зунжин” худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх үүднээс “7 буудал”-17-р сургууль-32-ын тойрог-Хүнсний 4-р дэлгүүр-Хүнсний 1-р дэлгүүр-“Ард” кинотеатр-Баянгол зочид буудал-120 мянгат-Ажилчдын соёлын ордон-“Таванбогд” компани-ТЭЦ-3 гэсэн 12 буудалд зогсож үйлчлэх нь. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн хөдөлгөөнийг 20 орчим хувиар бууруулж хугацааг 10 минутаар багасгах боломжтой гэв.

Нэг ёсондоо шуурхай чиглэлүүдийг нэмж гаргаснаар иргэд “Таван шар”-аас Зүүн 4 зам хүртэл зорчих хугацааг багасгаж, 10-20 минут зарцуулах боломжийг бүрдүүлж байна гэв. Шуурхай явах автобуснууд нь зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад зогсож үйлчилснээр иргэдийн хамгийн их дамжин суудаг “Таван шар”Саппоро, 10-р хороолол, Ард кино театр зэрэг тодорхой зогсоолоос иргэд зорчих боломжтой болж байна. Харин өөрчлөгдөж буй чиглэлүүдийн тухайд Ч:70 “ТЭЦ-3-Нарны гүүр-Бөмбөгөр-“Ард” кинотеатр” чиглэлийн автобусууд хотын төв хэсэгт Нарны гүүрээр даваад Баруун 4 замаар эргэж, Энхтайваны өргөн чөлөөгөөр “Ард” кинотеатраар дайран, Бөмбөгөр худалдааны төвөөр буцдаг байсан бол эргэлтийг нь өөрчлөн Баруун 4 замаар шууд Бөмбөгөр, “Ард” кинотеатр болгоснор зорчих хугацааг 10 минутаар багасгаж, шуурхай болгожээ.



Үүнээс гадна "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр гэсэн чиглэлийг өөрчилж БЗД-ийн 6, 12, 13, 14, 18-р хорооны иргэдийн санал хүсэлтээр одоогийн Ч:30  "Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр", "Ч:30б Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлүүдийг нэгтгэжээ. Нэмж богино эргэлтийн Ч:71 чиглэлийг нээж, нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй, суурьшлын цэг болох “Энканто” хотхон, Хүннү 222, Академи хотхоны иргэдийг хотын аль цэгт хүрэх боломжтой 120 мянгатын буудал хүртэл зорчуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ