Нийслэлчүүд автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор тэмдэглэв

Энэ жил автомашингүй өдрийг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бий болгоход байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор тэмдэглэлээ.
Улаанбаатар хот 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдсэн сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор автомашингүй өдрийг зохион байгуулж, тэмдэглэж ирсэн.
Энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулж урлаг, спорт, мэдээлэл, сурталчилганы олон ажлыг төв талбайд зохион байгууллаа. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэв. Түүнчлэн нийслэлийн иргэд авто замаар явган зорчиж, хүүхэд хөгшид салхилж зугаалсан автомашингүй өдрөөр төв талбайд “Хүүхэд бүриийг зам тээврийн ослоос хамгаалъя” шохойн зургийн уралдаан, Монгол ахуй соёлыг сурталчилсан АХА тэмцээн, дугуйн жагсаал, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт болон Бурхан багшийн их дүйчин өдрийн баяр зэрэг олон сонирхолтой үйл явдал боллоо.
"Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээнд Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчин зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.



Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан лам нарын хүндэтгэлийн жагсаал Гандантэгчэнлин хийдээс эхэлж, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрч Төв талбайд хүрэлцэн ирсэн юм. Мөн төв талбайд энх тайвныг бэлгэдсэн лам нарын бясалгалын флаш моб боллоо.




Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгаа хийлээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ