Цагдаагийн хоёр алба хаагч охидыг удаа дараа хүчиндсэн хэргээр шалгагдаж байна

Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын цагдаа нар сурагч охидыг хүчиндсэн, жирэмсэн болгосон хэрэгт холбогдож улмаар хэргийг шалгаж байгаа. Мөн дээрх хүчиндүүлсэн гэх охид одоогоор аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын хамгаалах байранд тусгаарлагдан эмчилгээ хийлгэж байна. Харин нэг охин нь зургаан сартай жирэмсэн болсон талаар харамсалтай мэдээлэл байна.


Хууль сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй өөрсдөө тэмцэх үүрэгтэй цагдаагийн тангараг өргөсөн алба хаагчид өөрсдөө гэмт хэрэг тэр дундаа хүчингийн гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол нь анхны удаа болж буй.


Хэргийг тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдөр Өндөрхангай сумын цагдаа Ш.М нь сурагч охиныг хүчиндсэн хэмээн ар гэрийнхэн нь аймгийн цагдаагийн газарт мэдээлэл өгсөн байна. Харин Зүүнговь сумын цагдаа О.Д нь сурагч охиныг хүчиндсэн, үүнийхээ дараа айлган сүрдүүлж, мэдээллийг нууцалсан талаар мөн л ар гэр нь мэдээлжээ.


Энэ байдал даамжирч дарамтлах байдлаар байнгын бэлгийн харилцаанд орж охин жирэмсэлсэн тухай мэдээлэл хэдийнэ олон нийтэд хүрээд байгаа юм. Хохирогч охин ээжгүй бөгөөд аав нь хөдөө орон нутагт ажилладаг нэгэн байжээ. Аав нь ажлаар явахдаа охиноо цагдаагийн алба хаагчид захиж үлдээдэг байсан аж. Харин аавыг нь явсан хойгуур охиныг дарамтлан олон удаагийн үйлдлээр биеэ хамгаалах чадваргүйг нь ашиглан бэлгийн дур хүслээ хангадаг байсан нь тогтоогдоод байгаа юм. Уг хүчингийн хэрэг үйлдсэн алба хаагчийг Мөрдөн шалгах газрын тусгай субектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ