Төрийн гурван өндөрлөг хүүхдүүдийнхээ төлөө хөтлөлцөөд хүрээд ирээрэй

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн бүхий л давхрагыг хамарч, хүүхдээ чөлөөтэй, хараа хяналтгүйгээр түрхэн ч болов орхих боломж өдөр ирэх тусам хомсдож байна.
Ирээдүй хойчийнхоо эсрэг чиглэсэн гэмт үйлдлийг таслан зогсоох, хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгохын тулд хүүхдүүд дуу хоолойгоо нэгтгэж байна.
Манай улсад хүүхэд асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн ганц байгууллага байдаг нь хүүхэд асран хүмүүжүүлэх "Өнөр бүл хүүхдийн төв". Энэхүү байгууллагад өсч, хүмүүжиж нийгэмшиж байгаа хүүхдүүд өнөөдөр урлагийн тайлан тоглолтоо Тусгаар тогтнолын ордны их танхимд хийхээр болоод байна. Монгол Улсын тусгаар тогтнолын яг төвд нь монгол хүн, монгол хүүхэд байх учиртай. Тэгээд ч хүүхэд асрамжийн “Өнөр бүл” төвийн аавууд болсон төрийн өндөрлөгүүддээ хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс бид урилга илгээсэн хэрэг.
Тус төвийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, боловсрол олгох, нийгэмшүүлэх үйл ажиллагааг тус төвийнхөн олон жил хийсээр ирсэн байдаг. Өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тайлан тоглолтыг хүүхдийн хүчирхийллийн эсрэг агуулгаар бэлджээ. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж, тэмцэж сэтгэл зүрхээ зориулж буй хүн бүхэн ирж үзнэ гэдэгт итгэж байна. Ялангуяа хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамгийн түрүүнд үгээ хэлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг хүрэлцэн ирнэ гэсэн хүлээлт байгааг нуух юун. Төрийн мэдлийн ганц хүүхэд асрах байгууллагынхаа нүүр царай, тэнд өсч, хүмүүжиж буй хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилийг та бүхэн тэнд очсонооор харах болно. Үнэхээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөө сэтгэл зүрх, тэмцлээ зориулж байгаа бол тус төвд хүмүүжиж буй хүүхдүүддээ урам хайрла.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан хүүхдийн хүчирхийлэл тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд ээжүүдтэй уулзаж ярилцсан. Мэдээж Ерөнхийлөгчийг хүүхэд асрах байгууллагын хүүхдүүдийн тайлан тоглолтыг үзлээ гэхэд сэлгүүцлээ гэж лав нийгэм зүхэхгүй. Харин ч таниар бахархах болно. УИХ-ын даргын хувьд ч уг нь хүүхдийн асуудал эн тэргүүнд байх ёстой. Засгийн газрын бодлогын нэгдүгээрт хүүхэд байх учиртай. Тиймээс төрийн гурван өндөрлөг хүүхдийн төлөө гар гараасаа бариад "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн хүүхдүүдийн "Бид эх орны ирээдүй" урлагийн тоглолтыг ирж үзнэ гэдэгт итгэж байна. Бид Монгол улсын ирээдүй гэж тэд итгэлтэйгээр хэлж, дуу хоолойгоо илэрхийлж чадаж байна. Харин тэр ирээдүйд та хэрхэн урам хайрлах вэ?.
Э.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ