Хүн бүр машинаа унаад тэмцээд эхлэвэл "Аюултай" бишүү?

Махны хомсдол үнийн өсөлт, бинзений үнэ, долларын ханш гээд олон зүйлд олон нийт ард иргэд дарлуулж, Ардын нам Засгаас амлалт нэхэж жагсаал цуглаан зохион байгуулж эхлээд байна. Сөрөг хүчин болох Ардчилсан намаас энэ сарын 30-ны өдөр Засгийн газрыг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулахаа зарласан бол Төрийн бус байгууллагууд болон, иргэний нийгмийн төлөөллүүд хамтарч шатахууны үнийн хөөрөгдөл, хятадуудад өгсөн газартай холбоотой асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Тэр үеэр машинтай жагсаал зохион байгуулагчид “ Өнөөдөр буюу 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны зүүн талд ард түмэн бид бензиний үнийн хөөрөгдлийн асуудлаар тэмцэл өрнүүлнэ. Бидний тавьж буй шаардлага тун энгийн. Хятадуудад газар олгох гэж буй хамтын ажиллагааны гэрээг Засгийн газраас яаралтай цуцалхыг шаардана.
Хоёрдугаарт, шатахуун, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах, зөв зохистой бодлого явуулах нь засгийн газрын үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Гуравдугаарт, Засгийн газар УИХ-ыг тарахыг шаардаж буй. Энэхүү тэмцэл гурван хоног үргэлжилнэ” гэв.
Хэдийгээр энэхүү шаардлагууд цаг үеэ олсон зөв шаардлагууд боловч, машинтай жагсагчид амралтын өдөр хорооллууд дундуур баахан эргэлдэж, түгшүүр зарлаж буй мэт сүржин мэдэгдлүүд, сүртэй гэгч нь зар тарааж байгаа нь төдийлөн зохимжтой байсангүй.. Ингэхэд машинтай жагсагчид улс төрийнхөө хувьд Ардчилсан намын 30-ны жагсаалыг идэвхжүүлэх зорилготой улсууд юмуу, аль эсвэл уг жагсаалын утгыг алдуулж урьдчилж үнэгүйдүүлэх зорилготой юмуу бүү мэд.
Ямар ч атугай уг жагсаалд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран оролцох ажээ. Мэдээж жагсаж, цуглах нь хүний эрхийн асуудал. Гэхдээ л машинтай тэмцэх нь хир зөв зүйтэй юм болоо. Аюулгүй байдал талаасаа ч тэр, агуулга талаасаа ч тэр. Танктай талибууд шиг их л эвгүй юм байна. Хүн бүр болсон болоогүй, хуучин шинэ машинаа унаад жагсаад тэмцээд эхэлвэл юу болох вэ? Тэгээд ч машинтай жагсагчид гэхүү, машинтай тэмцэгчид гэхүү? Аливаа зүйлийг хийхдээ аль аль талаас нь анхаарч үзэж байвал сайнсан.
Э.Шүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ