ГХЯ: Өөр улсын иргэний паспортыг хүчингүй болгох асуудал байхгүй

Монголд 6-18 жилийн турш багшилсан, ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй, хуулийн дагуу амьдарч байсан Турк улсын иргэн, найман багшийн эрхийг зөрчиж, гадаад паспортыг нь хүчингүй болгож, хилээр гаргахыг хорьсон гэх мэдээлэл өдөр тутмын хэвлэлд гарсан билээ. Тодруулбал Монгол Улс дахь БНТУ-ын Элчин сайдын яамнаас Гадаад харилцааны яаманд нэр бүхий найман иргэнийхээ гадаад паспортыг хүчингүй болгосон талаар нот бичиг ирүүлсний дагуу Гадаад харилцааны яам албан бичиг явуулж, Гадаадын иргэн харьяатын газар тэрхүү найман иргэний гадаад паспортыг хүчингүй болгож, хилээр гаргахыг хорьсон гэх мэдээлэл байсан юм. Үнэхээр ингэж хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа эсэхийг холбогдох албаны хүмүүсээс тодруулснаа хүргэе.
Гадаадын иргэн харьяатын газрын хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Туркийн найман иргэнд хориг тавьсан асуудал байхгүй. Тухайн улсын Элчин сайдын яам иргэдийнхээ хүчин төгөлдөр паспортын хүчингүй болгохгүй. Визний зөрчилтэй тохиолдолд албадан гаргах зэрэг холбогдох арга хэмжээг авна. Энэ асуудлаар маргааш холбогдох албан тушаалтнаас тодруулаад эргэн мэдээлье” гэдэг хариуг өглөө.
Харин Гадаад харилцааны яамны хэвлэлийн ажилтан “Гадаад харилцааны яам өөр улсын иргэний хүчин төгөлдөр гадаад паспортыг хүчингүй болгох асуудал байхгүй. Энэ бол Туркийн дотоод асуудал учраас тэднээс тодруул” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ