НЦГ: Хүүхдийг төөрөх эрсдлээс сэргийлж, 4000 ширхэг бугуйвч тараана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг баярлуулах олон арга хэмжээ, өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Жилийн жилд хүүхдийн баяраар дунджаар 50-60 хүүхэд төөрдөг тохиолдол байгаа нь манай эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт сул, анхаарал болгоомжгүй, хайнга байдлаас хүүхэд баярлах биш айж, ичих, уйлах зэрэг тааламжгүй байдал үүсч байдаг.

Тодруулбал, өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай, ҮСАХ зэрэг олон хүн цугласан газруудад бага насны 60 хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн баярын өдөр эцэг, эхчүүд хүүхдүүдээ аван салхинд гарч голын ойр орчимд зугаалдаг. Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд сүүлийн 20 жилийн хугацаанд нийт  12 хүүхэд гол усанд осолдож эндсэн, улмаар олдоогүй харамсалтай мэдээ байна.

Тиймээс эцэг эхчүүд Сүхбаатарын талбай болон олон хүн цугласан газраар бага насны хүүхдээ гараасаа хөтөлж явах, гэр бүлээрээ голын дэргэд амрах бол онцгой анхаарч байх, хөдөө амралт зугаалгаар явахаар шийдсэн бол баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байх, гуу жалга, уул хаданд болгоомжтой явахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн байгууллаас баярын өдөр хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон нийтийн газар, гудамж, авто зам зэрэг хүүхэд зорчиж болох бүх газруудад цагдаагийн алба хаагчид бэлэн байдалд ажиллах юм.  Мөн Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэмжлэгтэйгээр хүүхдийг төөрөх эрсдлээс урьдчилан сэргийлж, эцэг, эхийн гар утсыг тэмдэглэх боломжтой, хүүхдийн гарт зүүх 4000 ширхэг бугуйвчийг тараах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ