“Талын салхи-2019” чопперчдын наадам болно

Тав дахь жилдээ зохион байгуулах “Талын салхи-2019” олон улсын мото наадамд чоппер моторын дуунд нэгдсэн 800 мотоциклчид оролцоно.


Тус наадам зургадугаар сарын 8,9-ний өдөр болох бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд нээснээр “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” тийш төмөр хүлэгтний цуваа хөдөлнө. Ази тивдээ томоохон мото наадам болгон өргөжүүлэх зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах их ач холбогдолтой юм.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклийн спортын хорхойтон бөгөөд энэ удаагийн наадмыг нээж тус парадад нэгдэн хамт хөдөлнө.   


Дашрамд сонирхуулахад, Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклийг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклийн үүсэл тавигдаж байв. Ингээд 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдийг чопперчид гэх болжээ. Монгол Улсад 1990 оноос энэ ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ