Шар айрагны тухай сонирхолтой хууль, журам

Манай эринээс  бүр 1700 жилийн өмнө зохиосон Эртний Вавилоны захирагч Хаммурапигийн хуульд  шар айргийг дурдсан байдаг байна.  Уг хуулийн 111 дүгээр зүйлд шар айргийг өрөнд өгч болохыг журамласан байжээ.

1506 онд Баварийн герцог IV Вильгельм  “цэвэр шар айрагны” тухай хууль гаргасан байна. Зөрөг цэцэг, арвай, ус гэсэн гурван найрлагатай ундааг л шар айраг гэнэ гэжээ.  Ийм хатуу журмын ачаар Баварийн шар айраг дэлхийд хамгийн сайны нэгэнд тооцогдож ирсэн юм.  Дэлхийн эдийн засаг хөгжсөнөөр энэ дүрмийг бараг мөрдөх боломжгүй болсон нь үнэн.  Баварид хийсэн олон төрлийн шар айраг ч энэ хуульд нийцэхгүй болжээ. 

Америкийн Техас муж улсын Лефорс хотод  нэг сонин хууль үйлчилдэг бөгөөд тодруулвал, зогсоогоороо шар айраг ууж байгаа хүн дараалан гурваас илүү балгаж болдоггүй байна. Үүнийг зөрчвөл торгуулж мэдэх гэнэ. Харин  хэд балгасныг хэн тоолдог бол? гэдгийг төсөөлөхөд хэцүү юм. 

Небраска  муж улсын баарнуудад шөлтэй  хамт захиалсан тохиолдолд л шар айраг худалддаг байна.  Дашрамд дурдахад,  энэ муж улсын Линкольн хотод нэг сонин явдал болжээ. Фермийн эзэн Кайл Симпсон үерийн дараа өөрийн газрыг тойрч үзсэн байна. Гэтэл үерт хөвж  ирсэн хөргөгч талбайд байхыг харжээ. Онгойлгож үзтэл, дотор нь дүүрэн лаазтай шар айраг байсан  гэдэг.

Голландад шар айраг уух дуртай хүмүүс амралтын өдрөөс өмнө  түүнийг эртнээс нөөцлөх хэрэгтэй болдог байна. Учир нь, ням гарагт шар айраг худалдахыг хоригложээ. Харин бусад согтууруулах ундаанд энэ хориг хамаардаггүй нь сонин юм. 

Чех улсад шар айраг үндэсний ундаанд тооцогддог.  Энд шар айраг уух дуртай хүмүүс болон шар айраг үйлдвэрлэдэг газрын  аль аль нь асар олон байдаг байна. Хэт их өрсөлдөхөөс зайлсхийхийн тулд энд бүр Дундад зууны үед  шар айрагны хоёр үйлдвэр бие биеэсээ 1600 метрээс  ойрхон зайд байж болохгүй гэсэн хууль үйлчилж байжээ. 

Их Британийн хууль тогтоломжоор бол, пабуудад  аяганы 95 хувиас багагүйг шар айрагаар дүүргэж өгөх ёстой гэнэ. Харин үлдсэн тав орчим хувь нь хөөс байж болох аж.  Дашрамд дурдахад, энэ журам хэрэглэгчдийн эрхийг зөрчиж байна хэмээн олон үйлчлүүлэгч үзэж, аягыг бүрэн дүүргэхийг шаарддаг байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ