"ӨНӨР БҮЛ" ТӨВД ГАРСАН ГАЛЫН ШАЛТГААНЫГ НУУЖ БАЙГАА ЮУ?

            Өнөр бүл хүүхэд асрамжийн төвд гал гарав. Гал, усны аюул хэлж ирдэггүй хийсч ирдэг. Тиймээс ч тус төвд болсон үйл явдлыг мэдээлэх, хүүхдийн аюулгүй байдлыг цаашид хэрхэн хангах талаар сурвалжлахаар очсон сэтгүүлчидэд тус төвийн удирдлагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй тул элдэв мэдээлэл гаргамааргүй байна хэмээн учирлаж байна.

              Хүүхдийн сэтгэл санаанд мэдээлэл нөлөөлнө гэдэг энэ үгний цаана юу нуугдана вэ. Тус төвийн удирдлагууд саяхан л хүүхдийн байраа засч тохижуулахад төсвийн мөнгө хүрэхгүй байна, хэвлэлийнхэн минь төр засгийн удирдлагуудад бидний үгийг хүргэж өгөөч хэмээн явсан нь саяхан.

    Харин одоо гал аюул усны аюул нүүрлэж, орон байранд нь гал гарсны дараа хэвлэлийнхэнээс нуугдаж, мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь хачирхалтай. Үнэндээ тус төвд гарсан түймэр тус төвийнхөний төдийгүй нийт хүүхэд асрамжийн байгуулагуудад томоохон сануулга өглөө. Хүүхэд асрамж, халамжийн төвүүдийн санхүүжилт хүрдэггүйн улмаас аль болох хямд төсөр цахилгааны утас, сантехникийн тоног, төхөөрөмжөөр аргацаасаар ирсэн нь хаана, хаанаа нууц биш. Тиймээс хүүхэд асрамжийн байгууллагуудын сантехник, цахилгааны монтаж нь шаардлага хэр хангасан талаар хяналт шалгалт хийх цаг нэгэнт болжээ.

              Хэрэв тус төвд гарсан түймэр шөнийн цагаар гарсан бол яах байсан бол. Харин ч тус төвд өглөөний цагаар энэхүү гамшигт үзэгдэл болсон нь тус төвийнхөн төдийгүй хүүхдийн хувьд тун азтай хэрэг байсан. Аз тэр болгон тохиодоггүй. Өнөр бүл төвийнхөн сэтгүүлчидээс зугтах бус харин ч сэтгүүлчдэд үнэнийг мэдээлэх боломж олгож, хамтран ажиллах нь бусдад сэрэмжлүүлэг, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүхэнд нэгийг бодогдуулах сэрэмж болох байсан. Гал танайд гарсан ч бусдыг тойрохгүй. Тиймээс бусдадаа сургамж өгөхийн тулд үнэнийг нуух хэрэггүй. Хүүхдийн эрх ашгийг үнэхээр урьтал болгосон бол та бүхэн харин ч үнэнийг дэлгэж, хүүхдэд за гэж хэлж чаддагүй төр засгийн нүүр царайг илчлэх байлаа. Гэвч та бүхэн хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө бус өөрсдийн эрх ашгийг хамгаалан сэтгүүлчидээс нуугдаж байна бус уу.  Гал гарсан "Өнөр бүл" төвийнхэнд нууцлах шалтгаан байна уу?

Л.Энхээ   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ