Найз охиноо өндрөөс шидсэн гэх залууг үргэлжлүүлэн хорьсоныг ар гэрийхэн нь эсэргүүцэж гомдол гаргажээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор өндрөөс унасан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутгаж буй.
Талийгаачийн аав Д.Сүхжаргал "Тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил залгаад хурдан ир гэж элдвээр загнасан гэж найзаас нь сонссон. Бас тэр хоёр тухайн өдөр хоорондоо маргалдсныг хөршүүд нь сонссон гэсэн. Би охиноо 13 давхраас өөрөө үсэрсэн гэж бодохгүй байна. Тийм хүмүүжил миний охинд байхгүй" гэсэн байдаг. Улмаар охиныг нь бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.
Харин тавдугаар сарын 8-нд О.Боргилыг цагдаагийн байгууллагаас нэг сарын хугацаатайгаар ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. Чухам ямар учир хэрэг гарснаас хойш сарын дараа, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа ийнхүү цагдан хорих болов. Магадгүй шүүх эмнэлгийн дүгнэлтээс шалтгаалж цагдан хорьчихов уу гэсэн асуулт олон нийтийн сүлжээнд бичигдэж байна.
Түүний нэг сар цагдан хоригдох хугацаа энэ сарын 08-нд буюу өнгөрсөн бямба гаригт дууссаныг прокуророос дахин сунгах хүсэлт гаргажээ. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын хүсэлтийг хүлээн авч цагдан хорих хгацааг дахин сунгасан байна.
Харин О.Боргилын ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь цагдан хорих захирамжтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Тодруулж хэлбэл О.Боргилыг дахин цагдан хорьсон нь үндэслэлгүй хэмээн гомдол гаргасан гэсэн үг юм. Эл гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 09 цагт эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ