О.Дөлгөөнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах боломжтой гэв

Монголын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал хүнд байгаа. Тэрбээр АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдлын талаар дасгалжуулагч О.Баярцогт дөнгөж сая Mongolia for Dulguun цахим хуудсаараа дамжуулж мэдээлэл өглөө-
Дасгалжуулагч О.Баярцогт "О.Дөлгөөн одоогоор унтуулгын байдалтай байна. Элэг гэхээсээ илүү салхин цэцгийн халдвартай учраас эд эрхтнүүдэд хүндээр нөлөөлсөн. Тамирчин учраас дархлаа сайтай байна. Энэ нь гаднаас эмчилгээ авах талдаа муу байгаа юм. О.Дөлгөөнд дархлааны идэвхжлийг бууруулах химийн эмчилгээ хийсэн. Одоогийн байдлаар уушги нь устсан. Яагаад гэхээр маш их эм тариа хэрэглэснээр уушгинд ус хуримтлагдсан. Дахиад устай байвал усыг нь авна гэж байсан. Эмч нарын зүгээс элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бол хоёр номерт явж байна гэсэн. Эхний ээлжид дархлааг нь бууруулаад салхин цэцгийн эд эрхтэнд нөлөөлөх нөлөөллийг дарах эмчилгээ хийж байна. Иймээс элэг шилжүүлэн суулгах бол хамгийн сүүлчийн шатанд хийх эмчилгээ. О.Дөлгөөний өвчин тухайн эмнэлэгт нь хамгийн анхны тохиолдол болж буй. Бусад эд эрхтнүүд дээр юм гарч байгаагүй юм билээ. Эмчилгээг өдөр бүр сольж янз бүрээр үзэж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх бол амьд донороос хагалгаа хийх боломжтой. Түрүүн хэлсэнчлэн ухаангүй биш унтуулгын байдалтай байна. О.Дөлгөөнийг тайвнаар унтуулж байгаад эмчилгээ хийж байгаа юм байна.
Бүх эд эрхтнээс шинжилгээ авсан. Шинжилгээний хариу эхнээсээ гарч эхэлж байна. Энэ бүх шинжилгээний хариуг нэгтгэж байгаад дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн. Хоёр хоногийн өмнө аав, ээж нь очсон. Аав нь “Миний хүү монголын ард түмэн маш их дэмжсэн. Миний хүү өвчнөө заавал давж гарна шүү. Бүгдээрээ хамт тэмцэж байгаа” гэж хэлэхэд О.Дөлгөөн нүдээ нээх гээд нулимс дуслуулсан гэсэн. Мөн ээжийнхээ гарыг атгаж хариу үйлдэл үзүүлсэн. Эмч нарт хэлсэн чинь хариу үйлдэл үзүүлж байна гэдэг нь наашлах бага ч гэсэн гэрэл гэгээ харагдаж байна. Зүрх, тархи нь маш сайн ажиллаж байгаа. Гэхдээ тайвширч болохгүй сэтгэлзүйн хувьд хоёр талтай бодож байгаарай гэсэн. Тийм учраас сүүлийн өдрүүдэд эмчилгээг сольж яг эмчилгээг явуулж үр дүнгийн харж байна. Ө.Дөлгөөний өвчин энэ эмнэлэгт гарсан анхны тохиолдолд учраас олон талаас судалж байна.
Гурав хоногийн дараа химийн эмчилгээний дүн гарна. Тэр болтол Монголын ард түмэн нэгдсэн нэг ойлголттой байгаарай. Та бүхэндээ О.Дөлгөөний багшийн хувьд маш их баярлалаа. Бүх сагсан бөмбөгчид, ард түмэн, олон сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдэж хандив өргөлөө. Мөн ирэх сарын 3-ны өдөр шилдэг тамирчдын тэмцээн болно. Энэ олон хүмүүсийн хүсэл эрмэлзлээр О.Дөлгөөний биеийн байдал наашаа эргэж байна ” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ