Ё.Баатарбилэг сайдаа Монгол Улсад хүний эмчээс илүү малын эмч хэрэгтэй байна шүү дээ


   Манай вэб сайт “Ё.Баатарбилэг  сайдаа муу сурлагатангуудыг анагаахын сургуульд оруулахыг зогсоогооч” нийтлэл нийтэлсний дараа цахимаар болон редакцийн утас руу олон олон нийт, иргэдээс санал бодоо ирүүлж, нийтлэлийг дэмжиж байгаа илэрхийллээ.

Бид нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх, эрүүлжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс өөрийн оролцоогоо оруулахаар хичээж байгаа билээ.

Хүний эмч мэргэжлээр бэлтгэж байгаа боловсон хүчин, дээд боловсролын байгууллага хангалттай байгаа бөгөөд үнэндээ илүүдэлд орчихсон байна. Төрийн болон төрийн бус өмчийн анагаахын сургуулийг энэ жил 1000-аад оюутан төгсөнө. Тэдгээрийг хаанаа багтааж шингээх бэ?

Гэтэл 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 463.7 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өсчээ.

3 сая хүнтэй 66 сая малтай Монгол Улс. Гэтэл малын эмч гэдэг мэргэжил, мэргэжилтэн нүдний гэм болж ганцхан төрийн өмчийн ХААИС-д бэлтгэж байна. Жилд 20-30 оюутан элсдэг. 66  сая малыг эмчлэх, оношлох мэргэжилтэн байхгүй байна гэсэн үг.

Жил бүр зах зээлд, нийгэмд эрэлттэй мэргэжлийн жагсаалт гэж гардаг. Тэгвэл манайх шиг мал аж ахуйн орон гэгддэг улсад “малын эмч”-ийн мэргэжил энэхүү жагсаалтын нэгдүгээрт бичигдэх нь зүйтэй бус уу. Мал аж ахуйн орны хувьд мал аж ахуйн шинжлэх ухаан өндөр түвшинд хүрч хөгжсөн баймаар.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөр гээд яриад байдаг тэгвэл эрүүл хүний өвчин зовлон нь гагцхүү идэж, ууж байгаа хоол хүнстэй холбоотой гэдэг нь батлагдсан. Монгол хүн өдрийн 2-3 удаа махан хоол иддэг, жилийн 4 улирал махан хүнстэй. Бид ямар ч өвчтэй малын мах, сүү сүүн бүтээгдхүүн хэрэглэж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Мал сүрэг нь зүгээр л зөнгөөрөө бэлчээрлэдэг. Бэлчээр, усны бохирдол өндөр түвшинд хүрсэн..

 Эрүүл монгол хүнийг бий болгохын тулд “Эрүүл монгол мал”-тай байх нь чухал зорилго юм. Малын элдэв өвчин догол, боом, мялзан гээд жил бүр л гардаг. Үүнийг гагцхүү малын эмч л анагааж чадна.  Тэгвэл зах зээлд илүүдэлд орсон мэргэжилтэнгүүдээ хязгаарлаж, 66 сая малыг эмчлэх “малын эмч” нараа төрийн бодлогоор бэлтгэе Ё.Баатарбилэг сайдаа. Та юу бодож байна?

Н.Гэгээн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ