НААДМЫН ТАСАЛБАРТ "НАНЧИЛДСААР" БАЙХ УУ?

Үндэсний их баяр наадам хоёрхон хоногийн дараа болно. Жил жилийн наадмын тасалбарын борлуулалт хэл ам дагуулж, иргэдийг багагүй бухимдуулдаг. Тухайлбал, тасалбарыг шагийн үнээр зарах, хуурамч тасалбар худалдах, урт дараалалд өдөржин шөнөжин зогсох гэх мэт маш олон асуудал дагуулдаг. Энэ жил ч тэр асуудал биднийг тойрсонгүй. Учир нь өнөөх л урт дараалал, тасалбарын хүрэлцээгүй байдал өөрчлөгдсөн зүйлгүй бахь байдгаараа.
Энэ жилийн хувьд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр борлуулж эхэлсэн. Гэтэл эдгээр төвүүдийн гадна өдөржин шөнөжин, хонон өнжин дугаарласан иргэд ихэд бухимдалтай байсан бөгөөд тасалбар борлуулах хүмүүс нь ажилдаа ирээгүй, тасалбар нь ч хэвлэгдэж ирээгүй гэх. Энэ талаар иргэн Т.Цогбаяр “Наадмынхаа нээлтийг үзэх гэсэн биш бүр үгээ хэлж байна. Шөнө энд суугаагаараа хонолоо. Маш их даарлаа. Энэ төр засаг арай ч дээ. Ард түмнээ ядуурал, ядаргаа гээд бүх зүйл рүү түлхэж байна. Өмнө нь дуртай цагтаа очоод тасалбараа аваад үзчихдэг байсан. Одоо бүх зүйл хөгжөөд байхад ганц тасалбарын учрыг шийдэж чадахгүй үнэндээ хэлэх үг олдохгүй байна” гэв.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 16, 20, 24 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Харин олон хоног дараалал үүсгэн зогссон шагчид наадмын тасалбарын үнийг 120-160 мянга хүртэл нь хөөрөгддөг гэх. Ер нь жилийн жилд нэг өдөр “алалцаж” очерлоод тасалбар нь дуусчихдаг бөгөөд ихэнхийг нь шагчид авч өндөр үнээр дамлаж зардаг тухай амтай болгон ярьдаг.
Угтаа орчин цагт мэдээлэл харилцаа хөгжсөн үед эртнээс регистрийг нь давхцуулалгүйгээр цахимаар захиалга аваад энэ бүх асуудлыг шийдэж болно. Энэ мэт зүйлд л ашиглах гэж цахим иргэний үнэмлэхийг гаргаагүй гэж үү. Манайхаас хэд дахин том үзэгчийн суудалтай олимп, хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний тасалбарыг хэл амгүйгээр худалдаалдагыг үзэж, хардаг л баймаар. Уг нь энэ жил цахимаар тасалбар захиалаад авах боломжтой гэсэн ч энэ нь бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Ер нь наадмын тасалбарыг "шулааны" бизнес болгохоос сэргийлж, иргэдийг ч урт дараалалд зогсоохгүйгээр эртнээс бэлдэж тооцоолмоор байна. Ямартай ч жилийн жилд л наадмын тасалбарт нанчилдаж суумааргүй байна шүү.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ