25 иргэнийг үер усны осол, гал түймрээс аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн өнгөрөгч долоо хоногт болсон осол аваар, гамшиг, эрэн хайх дуудлагын талаар мэдээлэл өгчээ.
Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын алба өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 53, эрэн хайх, аврах ажиллагааны 13, нийт 66 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 25 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварчээ. Улмаар, 72 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 13,2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Нийслэлийн Онцгой комиссын Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн хурал зургаадугаар сарын 25-ны өдөр хуралдаж, цаг агаарын урьдчилсан мэдээтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудад болзошгүй үер усны гамшгийн үед хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, далан сувгийн ус нэвтрүүлэх чадварт хяналт тавих, иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг бүх чиглэлээр хүргэх талаар үүрэг чиглэл өгсөн ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ